Ромын хамба Францис ламтан сүсэгтэн олныхоо өмнө Мягмар гаригт тангараг өргөлөө. Францис ламтан ийнхүү албан ёсоор 226 дахь католик шашинтны тэргүүн болж байна. Түүний тангараг өргөх ёслолыг үзэхээр зуун мянга гаруй хүн Гэгээн Петерийн талбайд цуглаж, ёслолын ажиллагаанд оролцсоноос гадна дэлхийн 130 гаруй улс орноос албан ёсны зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Тэдгээрээс 32 нь улсуудын төрийн тэргүүнүүд байсан юм. Шинээр сонгогдсон тэргүүн хамба Ватиканы сүмийн тагтан дээрээс олон түмэнтэйгээ мэндчилэн, хамбын хэлэх ёстой уламжлал болсон үгсийг хэлж, ариун үйлсийг удирдах болсон тухайгаа зарлалаа. Түүний дараа эцэг, хүү, ариун сүнсэнд залбирч мөргөл үйлдсэн юм. Мөргөлийнхөө дараа сүмийн тагтан дээрээс “Бүх шашнууд хүмүүсийн сайн сайхны төлөө байдаг. Тиймээс бие биеэ хүндлэх ёстой” хэмээн сургаал айлджээ. Энэ бүхний дараа тэргүүн хамба сүмийн тагтнаас бууж, хүмүүсийн дунд явж, гар барин мэндчилж, хүүхдүүдийг үнсэж, өвчтэй хүмүүсийг энэрч байсан нь хүмүүст ихээхэн сэтгэгдэл төрүүллээ. Хамба 17 минутын турш талбайгаар алхаж, талбайг машинаар бүтэн тойрсон юм. Одоо тэрээр католик шашны тэргүүн учир Ватиканий сүмд ажиллах ёстой болж байна. Тиймээс тэрээр төрөлх Аргентин улсаасаа нүүж Италид суурьшина.
Д.Амар
Д.Амар