logo
Малала охин сургуульд явж эхэллээ

Малала охин сургуульд явж эхэллээ

2013/03/21
Мягмар гаригт Пакистан охин Малала Юсуфзай сургуульд явж эхэллээ. Тэрээр одоогоос 5 сарын өмнө Талибуудын үйлдсэн гэмт хэргийг зоригтойгоор илчилснийхээ төлөө буудуулж хүзүү, толгойдоо хүнд шарх авсан юм. Тиймээс Их Британийн Брингемийн нэгдсэн эмнэлэгт мэс засал хийлгүүлж, хэвтэн эмчилүүлсэн. Одоогоор түүний биеий байдал маш сайн байгаа бөгөөд тэрээр ийнхүү сургуульд явж, үргэлжлүүлэн боловсрол эзэмшихээр болоод байна. 15 настай Пакистан охин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Брингемийн хотын Эджбастоны ахлах сургуульд элсэн оржээ. Хичээлдээ явах замдаа Малала охин ярихдаа “Сургуульдаа буцаад явж байгаа минь миний амьдралд тохиож байгаа хамгийн аз жаргалтай мөч. Өнөөдөр би ном сурах бичгээ мөн цүнхээ бариад явж байна. Би ихийг сурч, найз нөхөд болон багш нартайгаа ярилцана. Үүнээс илүү чухал өдөр гэж байхгүй” гэжээ. Дөнгөж 11 настайгаасаа “BBC” агентлагт өөрийн хаалттай ертөнцийнхөө талаар захидлаар хуваалцдаг байсан тэрээр хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн дуу хоолой болж чадсан юм. Тиймдээ ч хүмүүс түүнийг  Нобелийн энх тайвны шагналд нэрийг нь дэвшүүлж байсан удаатай. Малала охины гэмтэл эдгэрч, өнгөрсөн хоёрдугаар сард эмнэлгээс гарсан. Малала охин гавлын ясны мэс заслын дараагаар биеийн байдал нь сайжирсан талаар эмч нар хэлж байлаа.  Охин ярихдаа “Би улс төр, нийгмийн эрх тэгш байдал болон хуулийн талаар сурахыг маш хүсч байна. Мөн хэрхэн энэ ертөнцийг өөрчлөхийг, хэрхэн охидын аз жаргал болоод боловсролын төлөө ажиллах ёстойг сурахыг хүсч байна” гэжээ. Малала охины талаар охидын ахлах сургуулийн захирал Рут Вийкс ярихдаа “Манай сургуульд нэг сайн охин нэмэгдсэн. Бүх юм хэвийн байгаа. Миний бодлоор Малала тууштай байх хэрэгтэй. Тэр одоо бусадтай адилхан жирийн өсвөр насны охин байхыг хүсч байгаа. Бусад охидын тусламж түүнд маш их хэрэгтэй” гэжээ. Одоогоор Малала охин Английн Брингем хот дахь Пакистаны консулын хамгаалалтанд аав Зиауддины хамтаар амьдарч байна.
Д.Амар

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш