Өдөр уртасч, илч дулаан нэмэгдэх цагийг бэлгэшээн тэмдэглэдэг казах түмний “нарны баяр”-ыг тохиолдуулан “Наурыз 2013“ арга хэмжээ Улаанбаатар хотноо болж байна. Энэ жилийн хувьд зөвхөн казах түмний биш нийтийн баяр болгон тэмдэглэхээр олныг хамрах арга хэмжээнүүд санаачилснаа зохион байгуулагчид хэллээ. Сүхбаатарын талбайд өнөөдөр болсон “Наурыз-2013” өдөрлөгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Дунд сургуульд хамт сурч байсан нөхрөөрөө дамжуулан казах түмний аж амьдрал, ёс заншлаас танин мэдэж байснаа Ерөнхий сайд дурсаж, казах зон олондоо сайн сайхныг хүслээ. УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга А.Бакей “Аливаа үндэстний уламжлалт баярт тухайн ард түмний соёл, зан заншил хадгалагддаг. Ийм ч учраас 2009 онд ЮНЕСКО-ийн материаллаг бус соёлын өвд Казахчуудын Наурыз баярыг бүртгэсэн юм” гэлээ.
Өдөрлөгийн үеэр Сүхбаатарын талбайд казах зон олон уламжлалт гэр сууцаа барьж, идээ будаагаа амтлуулж, эд эдлэлээсээ дээжлэн дэлгэжээ. Казах эмэгтэйчүүдийн хатгасан уран нарийн хийцтэй гэр ахуй, гоёл чимэглэлийн хэрэгсэл, хувцас эдлэлийг үзэж сонирхож, худалдан авах ч боломж байна. Мөн үндэсний хувцасны үзүүлбэр, урлагийн тоглолт үзэхээс гадна бүргэдтэй зураг авахуулж, алтыбахан гэгдэх тоглоомоор ч тоглож болох аж. Өнөөдөр 15.00 цагаас Соёлын төв өргөөнд Улаанбаатар хотод амьдарч буй Баян-Өлгий аймгийн иргэд, оюутан залуус оролцсон “Домборын эгшиг” концерт тоглоно.
Олон нийтэд зориулсан дээрх арга хэмжээнүүдэд өргөнөөр зочлохыг Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийнхөн урихын зэрэгцээ Ерөнхий сайдыг үйл ажиллагаанд нь оролцон мэндчилгээ дэвшүүлсэнд баяртай байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.