logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-оолыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-оолыг хүлээн авч уулзав

2013/03/24

Манай оронд айлчлал хийж байгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-оол Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа. 

Хил залгаа оршдог Тува улстай харилцаагаа идэвхжүүлэхэд манай талаас байнга анхаардаг, цаашид хоёр орны хамтын ажиллагааг боловсрол, хөдөө аж ахуй, соёл урлаг, спортын салбарт хөгжүүлэх нөөц бололцоо байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглэв. Монгол туургатны хэл соёл, өв уламжлалыг хадгалахад чухал ач холбогдолтой учир манай оронд зохиогдож буй урлаг соёл, спортын арга хэмжээнүүдэд Тувагийн тал ирж оролцож байхыг, мөн Оросын талаас Тувагийн тодорхой тооны оюутныг Монголд суралцуулах хүсэлт ирүүлбэл шийдвэрлэж хамтран ажиллахад бэлэн байгааг Засгийн газрын тэргүүн нэмж хэллээ. 

Монголоос үржлийн мал авах, хилийн худалдааг өргөжүүлэх саналуудыг Тува улсаас өмнө нь тавьж байсан ч амжилттай хэрэгжиж чадаагүй юм. Уулзалтын үеэр энэ тухай дахин хөндсөн ба мал авах асуудлыг зохих байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

 

 Хил орчимд амьдарч буй иргэдийг эдийн засгийн идэвхтэй харилцаанд оруулах, холбоотой бусад асуудлыг шийдэхэд Монголын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий сайд илэрхийлээд, ОХУ-ын Тувагийн хэсгийн “Хандгайт-Боршоо” боомтыг олон улсын статустай болгон өргөжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой ажлууд тусгагдсан болохыг нэмж тэмдэглэв. Энэ боомтын асуудлыг 2007 оноос ярьж эхэлсэн ч манай талаас дэд бүтцийг нь өнөөг хүртэл шийдээгүй байгаа аж. Түүнчлэн, энэ оны эхний хагаст зохион байгуулах Хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааны дэд комиссын хуралдаанаар Монгол, Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрээ шинэчлэх боломжтойг Ерөнхий сайд дурьдлаа. Үүний зэрэгцээ ОХУ-ын талаас шийдэж өгвөл Улаан-Үдээс Кызыль хүртэл манай талаас нислэг үйлдэхэд бэлэн байгааг уулзалтын үеэр Зам тээврийн сайд А.Гансүх Тувагийн төлөөлөгчдөд дуулгалаа.

 

Ийнхүү хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхтэй холбоотой олон асуудал хөндсөн уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ярьсан асуудлуудыг удаашруулалгүй шийдвэрлэж, ажил хэрэг болгохоо мэдэгдээд, ноён Ш.В.Кара-оолын Монголд хийж буй айлчлалд амжилт хүссэн юм. 

Ш.В.Кара-оол нь 1998-2002 онд Бүгд Найрамдах Тува улсын Дээд хурлын дарга, 2000-2001 онд Холбооны Зөвлөлийн Олон улсын харилцааны хорооны орлогч дарга, 2003-2005 онд Засгийн газрын орлогч дарга бөгөөд Худалдаа, ахуйн үйлчилгээ, үйлдвэрлэл хөгжлийн сайд, 2005-2006 онд Засгийн газрын орлогч дарга, 2006-2007 онд Их хурлын Хууль тогтоох танхимын депутат, 2007-2012 онд Засгийн газрын дарга, 2012 оноос Засгийн газрын тэргүүн даргаар ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш