logo

"International Travel Mart -2013" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 130 гаруй байгууллага оролцлоо

2013/03/25

Монголын Аялал Жуулчлалын Холбоо нь 1999 оноос эхлэн аялал жуулчлалын “International Travel Mart” үзэсгэлэнг жил бүрийн 03 дугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жилийн ITM – 2013 үзэсгэлэн яармаг Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран “Ай ТИ ЭМ-2013” 14 дэхь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 2013 оны 03 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд уламжлал ёсоор зохион байгууллаа. 

Уг үзэсгэлэнд  оролцогчдын тоо жил ирэх бүр эрс нэмэгдэж байгаа нь бүтээгдэхүүний технологи, сурталчилгаа  өргөн хүрээг хамрах болж,  салбарын бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болсоныг илтгэж байна.

Үзэсгэлэнд манай улсын 21 аймгийн аялал жуулчлалын газруудын төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутгийн зорих газрын онцлог байдал, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийхээ дээжээс авчиран сурталчилна. Нийт 120 талбайд  Монгол улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй гадагш чиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг тур операторууд, жуулчны бааз, зочид буудал, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч үндэсний томоохон авиа компани, тийзийн үйлчилгээ эрхлэгч аялалын агентууд, урлаг соёлын байгууллага, гар урлал, ноос ноолууран эдлэл, үйлдвэрлэл эрхлэгчид гээд  нийт 130 гаруй байгууллага, аж ахуй нэгжүүд  оролцоно.  Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголиан Аэрлайнс групп, Хамтран ажиллагч түнш байгууллагаар Өвөрхангай аймгийн  Засаг даргын тамгын газар, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд оролцсон байна.

Энэ жилийн нэг онцлог нь хөдөө орон нутгаас оролцогчид нилээд өргөн хамрагдаж байгаа бөгөөд Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Хөвсгөл гэх мэт аймгууд  нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцожээ. 

Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, тэдгээрийн үйлчилгээний байгууллагууд, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, хуучин түншүүдтэйгээ уулзах, мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, боломжийг олгодог юм.

Бид жил бүрийн үзэсгэлэнгийн нээлтэнд Монголд сууж буй Элчин сайдын яамд, ОУ-ын байгууллагуудын төлөөлөгчдийг урьж үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй танилцах боломж олгодог.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг урьж асуудал дэвшүүлсэн, онол практикийн илтгэлийг 2 хоногийн турш хэлэлцүүлж,  салбарын ажиллагсад, оюутан залууст хүртээл болгохоор төлөвлөсөн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш