НҮБ-ын элч, жүжигчин Анжелина Жоли бэлгийн хүчирхийлэл, дарамтад ихээр өртсөн Конго улсын зүүн хэсгийн охид эмэгтэйчүүдтэй уулзлаа. Даваа гаригт тэрээр Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейгийн хамтаар Гома хотын ойролцоо орших “Nzolo”дүрвэгсдийн хуаранд зочилсон юм. Энэхүү айлчлалын зорилго нь дайн тулаантай байгаа бүс нутаг дахь хүчингийн хэрэгт дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах болон олон улсын түвшинд уг асуудлыг авч хэлэлцэхэд чиглэгдэж байгаа хэмээн Их Британийн Гадаад хэргийн албаныхан мэдээллээ. Айлчлалынхаа хүрээнд Анжелина Жоли, Уильям Хейг нар бэлгийн дарамт хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүдтэй ганцаарлан болон группээр уулзаж, ярилцаж байсан юм. Жоли хэлэхдээ “Маш олон хүмүүс дүрвэж ирж байгааг харахад түгшүүртэй байна. Бид ихэвчлэн Конго улсын өвчин зовлон, аюул заналын талаар ярьдаг. Гэхдээ энэ улс бол маш гайхалтай ард түмэнтэй, сайхан орон. Хэдийгээр Гадаад хэргийн сайд нар тэр бүр иймэрхүү үйл ажиллагааг санаачлаад байдаггүй ч гэсэн бид энэ байдлыг цаашид өөрчлөхийг хичээж байна. Дэлхийн нийтийн анхаарлыг дайн тулаан, хямрал зөрчилдөөнд хандуулахын тулд бид энд байна. Ямар ч хуулийн хариуцлагагүй ийм байдлыг таслан зогсоох цаг болсон. Хүмүүс хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээн ёстой” гэжээ. Ирэх 4-р сард Лондон хотноо болох “Их Наймын” Гадаад хэргийн сайд нарын уулзалтанд энэ асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа Их Британийн гадаад хэргийн сайд Уильям Хейг ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ “Дайн тулаантай бүс нутаг дахь бэлгийн дарамт, хүчирхийлэлийг шийдвэрлэх ёстой. Хэрэв бэлгийн хүчирхийлэлд дайны буу зэвсгийг ашиглах юм бол ард түмэн улам хүнд байдал орох болно” гэжээ.“The International Rescue Committee” олон улсын байгууллагын мэдээлснээр зөвхөн өнгөрсөн онд гэхэд 2500 гаруй охид эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн байна.Конго улсын зүүн хэсэгт босогчид болон Конгын цэргүүд буу зэвсэг хэрэглэж бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдэх нь түгээмэл байдаг. Дайн тулаантай байгаа бүс нутаг дахь бэлгийн дарамт, хүчирхийллийг арилгах АнжелинаЖоли, Уильям Хейг нарын энэхүү үйл ажиллагаа нь өнгөрсөн оны 5-р сараас эхэлсэн болохыг Их Британийн албаныхан мэдээлж байлаа.
Д.Амар
Д.Амар