logo
Жон Керри Афганистан улсад  айлчиллаа

Жон Керри Афганистан улсад айлчиллаа

2013/03/27
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Афганистан улсад Даваа гаригт айлчиллаа. Тэрээр тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзайтай АНУ 2014 онд Афганистанаас цэргээ гаргахаас өмнө тус улсад энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход оролцох оролцооны талаар болон 2014 онд Афганистанд явагдах сонгуулийн талаар авч хэлэлцжээ. Хэдэн цаг үргэлжилсэн хувийн уулзалтын дараа эрхмүүд Кабул хот дахь Ерөнхийлөгчийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Хамид Карзай өнгөрсөн хэдэн сарын хугацаанд НАТО тэргүүтэй эвслийн хүчний үйл ажиллагааг шүүмжилсэн утга агуулгатай мэдэгдэл хийсэн нь АНУ, Афганистаны харилцаанд таагүй уур амьсгалыг бий болгосон. “АНУ-ын засаг захиргаа Талибаны босогчдын эсрэг үр дүнтэй тэмцэхийн оронд тэдэнтэй хуйвилдаж байна” гэсэн утга агуулгатай зүйлийг Карзай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлсэн гэх яриа ч гарсан. Тэгвэл хэвлэлийн бага хурлын үеэр Карзай энэ яриаг үгүйсгэжээ. 24 цаг үргэлжилсэн Керригийн энэхүү айлчлал нь Барак Обама Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тус улсад айлчилж байгаа 6 дахь удаагийн айлчлал болж байна. Хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын армийн ашиглаж байсан Баграм шоронг ням гаригт Афганистаны талд шилжүүлэн өгсөн явдлыг Карзай нэг ёсны хүндэтгэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Баграм шоронг Афганистаны талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-ын дээд командлагч Генерал Жосеф Данфорд, Афганистаны талаас Батлах хамгаалахын сайд Бисмулла Хан Мухаммади нар оролцож харилцан гарын үсэг зурцгаасан юм. Мөн энэ үеэр шоронд хоригдож байгаа 3000 Афганистан хоригдлуудыг ч хүлээлгэн өгсөн байна. Карзай хэлэхдээ “Талибанчуудтай хийж байгаа дайныг АНУ төгсгөл болгож байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Бид дайн тэмцлээс энх тайван байдлыг илүүд үзэж байна” гэжээ. АНУ тэргүүтэй эвслийн хүчин Талибаны дэглэмийг түлхэн унагаснаас хойш өдгөө 11 жилийн нүүрийг үзээд байна. Афганистан дахь Талибаны зэвсэгт босогчдын эсрэг тэмцэж байгаа эвслийн хүчний 100 мянга гаруй цэрэг ирэх жилийн сүүл гэхэд тус улсаас гарах нь тодорхой болсон. Мөн 13 жилийн турш засгийн эрхийг барьсан Казай ч ирэх оны сонгуулийн дараа улс төрөөс хөндийрнө гэдгээ мэдэгдсэн.

Д.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш