logo
Ж.Цогтсугар:

Ж.Цогтсугар:"Сэтгэцийн тэнэглэл бол оюуны ДОХ юм"

2011/08/01
Тамхи, архинаас шалтгаалсан эмгэг судлалын төвийн  тэргүүн, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд Аддикoлогийн шинжлэх ухааны нийгмийн ажлын зөвлөх Ж.Цогтсугартай  архины хор хөнөөлөөс нийгмийг яаж аврах, архинаас яаж гарах талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-Та хэдэн жилийн өмнөөс архитай тэмцэх талаар ярьж дуугарч байсан. Одоо танай үйл ажиллагаа төрийн өндөрлөгийн хэмжээнд хүрчээ. Ерөнхийлөгч уриалга гаргаж баяр ёслолыг архигүй тэмдэглэхээр болсон. Тэгэхээр архидалт нийгмийн хурц асуудлын нэг болжээ. Үүнээс яриагаа эхлэх үү?
-Монголын нийгэмд архинаас болж аюултай эмгэнэлтэй байдал үүсч болохыг арван жилийн өмнөөс харж байсан. Тухайн үед бид нийгмийг өөрчлөх гэж нэлээн дуугарсан, хэвлэл мэдээлэлд хандсан. Нүүрээ улайлгаад олны өмнө ярьж байсан. Гэвч маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Нийгмийн сэтгэл зүй өөрөө эмгэгтэй, ийм мэдээллийг хүлээж авах цаг нь болоогүй байсан. Шийдвэр гаргагчдын хандлага өөрчлөгдөөгүй. Улс үндэстэн аюулт байдалд орж байгаагаа мэдрэхгүй байсан юм. Тиймээс мэдэрдэг, ойлгодог цаг үеийг нь иртэл  хүлээхээс өөр аргагүй болсон. Болоогүй юманд түрүүлж дуугарснаараа эрсдэл үүрч байсан. Шар сонинд  “яруу найрагч Ж. Цогтсугар архинаас гарч гэнэ. Архи уудаг хэдэн нөхдийг цуглуулж зовлон жаргалыг нь сонсоод дараа нь архи уудаг гэнээ” гэж шоглоод ч байгаа юмуу, хошигноод ч байгаа юмуу доромжилсон олон мэдээлэл гарч байсан. Бодит байдал ингэж хүлээж авсан тул бид өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэйг ойлгосон. Манайд архины асуудлаар мэргэшсэн сэтгэл зүйчид байдаггүй.Тиймээс  мэргэжлийн сэтгэл зүйчид, нийгмийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн. Өөрийнхөө мэдлэг мэргэжлийг дээшлүүлж сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Монголын лектор төвийн жинхэнэ гишүүн болсон. Улсын хэмжээнд орон нутгийг хамарч үнэ төлбөргүй лекцээ уншсан. Олон түмэнд архины хор хөнөөлтэй тэмцэх талаар хангалттай ярьсан гэж боддог. Гэхдээ Монголын хүн ардын оюун санааг өөрчлөхөд ганц нэгхэн байгууллага, хувь хүн дийлдэггүй юм байна.
-Шинэ оны босгон дээр та бүхний санаачлагыг дэмжиж Монгол Улсын ерөнхийлөгч архигүй баяр наадам тэмдэглэхийг бүх нийтэд уриалж сүүгээ өргөлөө. Энэ нь та бүхний үйл ажиллагааг төрийн хэмжээнд дэмжиж буйн илрэл юм. Энэ тухайд та юу хэлэх вэ?
- Жилийн өмнөөс Монгол Улсын ерөнхийлөгчид хандсан. Ерөнхийлөгч манай байгууллагын үйл ажиллагааг баяртайгаар хүлээн авсан. Иргэний танхимаар архины хор хохирол, тэмцэх аргын талаар нээлттэй  хэлэлцүүлэг өрнүүлсэн нь манай энэ чиглэлийн байгууллагын  ажилд ахиц гаргалаа. Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээндээ сүү өргөж үг хэлсэн. Энэ шийдвэр бол хувь хүнийхээ хувьд ч гэсэн их эрсдэл үүрсэн шийдвэр байлаа. Төрийн тэргүүнийхээ хувьд их сайхан үлгэр дуурайлал болсон.  Бас бидний олон жил ажилласан ажлын үр дүн юм. Архидалт мансуурлын эсрэг ассосиаци мэргэжлийн байгууллага мэргэжилтнүүдээ бэлтгэж гаргалаа. Төгсч гарсан мэргэжилтнүүд нь дахин  ТББ  байгуулж нийгэмдээ үйлчлэх хэмжээнд хүртлээ хөгжсөн байна. Гэтэл төрийн албан хаагчид ширээ сандалтайгаа зууралдаж, улс төрийн тулга тойрсон асуудлаараа  хэрэлдсээр байгаад хөгжлийн тодорхой түвшнээс хоцорсон юм шиг санагддаг. Гэхдээ төрийн албан хаагчид, шийдвэр гаргагчид энэ асуудалд нааштай хандах цаг ирнэ гэдэгт итгэдэг.
-Та архины асуудалтай хүнд туслах тухай ном бичсэн гэж байсан энэ номныхоо тухай ярина уу?
-Архинаас гаргах практик арга зүйгээ мэдэхгүйгээс манай төр, нийгмийн ажилтнууд дур дураараа өнгөрсөн зууны арга барилаар \гахай, туг аялуулах, албадан эмчлэх г.м\ ажиллаж, шинэ зууны хүний оюун сэтгэлгээг өөрчлөх гээд аргаа барж байна. Архины асуудалтай хүмүүсийн 85 хувь нь дээд боловсролтой байна \их эмч, эрдэмтэн доктор, улс төрч гээд...\. Яагаад вэ гэхээр олон шалтгаан байна. Архинд донтох эхний үе шат буюу нуугдмал үедээ байгаа үед клиник эмчилгээ, эм тариа огт хэрэггүй. Харин практик арга зүй л үр дүнгээ өгч байна. 100 хүн эмчлүүлэхэд 90 хүн эдгэрч, арван хүн нь эргэж ууж байна. Магадлал өндөр байна. “Архинаас гаргах практик арга зүй” гэсэн Монгол дахь анхны номыг гаргаж байна.
-Танай төвөөр дамжиж хэдэн хүн архинаас гарсан бэ. Дахин хальтирахгүй байх талаар ямар арга хэмжээ авдаг вэ?
-Манайх 20 мэргэжилтэнтэй. Нэг жилийн дотор  500 хүн архинаас гарсан. Эмгүй эмчилгээ хийдэг.  Тухайн хүнд нь тохируулж эмчилгээгээ явуулдаг.  Шинэ жилээ архинаас гарсан 180 хүнтэй архигүйгээр тэмдэглэсэн. Тэр үед манайхан дөрвөн цагийг яаж өнгөрөөнө гэж бодож байсан гэсэн. Гэтэл манай хөтөлбөр багтаагүй. Сүнжин гранд буудлын хамт олноос архигүй тэмдэглэж буйд баярлаж  цаг 30 минутыг сунгаж өгч байсан. Сонирхолтой  үйл явдал олон болсон. Архинаас гарсан, орон гэргүй, подволд амьдардаг нэг хүн байсан. Тэр амьдралаа шинээр эхлэх гэсэн эрмэлзэлтэй гарын ур дүй сайтай хүн. Гэртэй болгох талаар уриалга гаргасан. Бид архи ууж мансуурч, түүндээ кайф авдаг байхдаа ямар их зардал гаргадаг байв. Энэ удаад архигүй баяр тэмдэглэж  байна тиймээс нэг найздаа тусалж, түүний баярласан сэтгэлээс кайф авцгаая гэсэн. Хандивын хайрцаг аялуулахад 30 минутын дотор сая гаруй төгрөг цугларсан. Архичин гээд байсан хүмүүсийн сэтгэл ямар гоё болж өөрчлөгдсөнийг тэндээс л мэдэрч байсан.  Архинаас гарсан хүмүүсийн 50-60 хувь нь дархан хүмүүс байдаг. Хавар  гэрийг нь  барина. Доторхи тавилгыг нь бэлдэхэд хүн бүр нэг нэг зүйл хийж өгөхөөр болсон. Гэрийн найраа архигүйгээр хийнэ. Жил бүр нэг найзаа баярлуулж аз жаргалаас нь “кайф” авдаг болно.
-Итгэлийг эвддэг хүн байдаг. Гэр өгье. Архинаас гараад өгөөч гэсэн бэлэнчлэх сэтгэлгээ биш үү. Буцаад архиа уухгүй гэх баталгаа нь юу байх вэ?
-Манай байгууллага учир шалтгаан, эрсдлийн онолыг чухалчилдаг. Энэ хүн бүтээлч, зарчмын олон шалгуурыг давсан, байнгын бүлгийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцдог. Амьдралаа өөрчлөе гэсэн чин хүсэл нь олон юман дээр нотлогдсон. Гэргүй нэг л хүн байдаг. Ер нь архичин хүн гээд орон гэргүй, гудамжны  хүн л байдаг юм шиг боддог. Тийм биш манайхаар архины асуудлаа шийдвэрлэсэн хүмүүс бүгд ажилтай төрөлтэй, гэр бүлтэй хүмүүс байдаг.
- Архины тэнэглэлд орсон хүний өвчин бол оюуны “ДОХ” гэж яриад байна. Яахаараа тэнэглэлд ордог юм бэ?
-Архины тэнэглэлд орсон хүмүүсээс 100 хүн эмчилэхэд тав нь л эдгэрэх магадлал байна. Ийм зүйлд мөнгө зарж албадан эмчлэх шаардлага байна уу? Нэг хүнийг жилд 4-5 удаа эмчилж 300-400 сая төгрөг зарж байна. Эмчлэгдэх боломжгүй хүнийг эмчлэх шаардлага байхгүй. Хөгжингүй орнууд эдгээр хүмүүсийг төрийн халамжинд авч байна. Оюуны хувьд ажил хийх чадваргүй. Хүмүүс болон гэр бүлтэй харьцаж болохгүй. Өөрөөр хэлбэл сэтгэцийн өөрчлөлттэй, мөнхийн уулттай хүмүүс. Нэг ёсондоо нийгмийн эмгэнэлтэй хэсэг нь болсон хүмүүс. Гэр бүлдээ зовлон учруулсан, нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлдэг ийм хүмүүс. Эмчлэгдэх ямар ч боломжгүй учраас оюуны ДОХ гэж үзээд байгаа юм. Тиймээс архинд донтсон хүмүүсээ архидалтын сэтгэцийн тэнэглэлд орохоос нь өмнө аврах хэрэгтэй.
-Тэнэглэлд орсон хүмүүс ямар үйлдэл үзүүлж эхлэх вэ?
- Өөрөө архинаас гарах гэсэн ямар ч хүсэл сонирхолгүй, тэмүүлэлгүй болно. Архины эсрэг зүйл яривал уур нь хүрнэ. Телевизээр нэвтрүүлэг гарвал унтраана. Солиорно. Ямар ч эмчилгээ хийгээд үр дүн өгөхгүй. Бие организм нь ямар ч эмчилгээ хийгээд хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл тэр хүний оюун санааг архи 100 хувь хамааралдаа авсан гэсэн үг. Архи л үйлчилгээ үзүүлж чаддаг болсон. Хүн үйлчилгээ үзүүлж чадахгүй болсон гэсэн үг.
-Ийм хүмүүс хэдэн жил архи ууснаас болох вэ? Хэчнээн хүн байна вэ?
- Албадан эмчилгээнд байгаа бүх хүмүүсийг хэлж болно. Нийгэмд ер нь албадан эмчилгээ гэсэн нэр томъёо хүртэл байх ёстой юм уу. Ийм төвүүдэд байнгын  эмчлүүлдэг хүмүүс жилд дор хаяж 10 удаа ирнэ. Төрийн халамжийн эмчилгээ байж болно. Хэдэн жил ч хамаагүй архины хэмжээг хэтрүүлээд байвал дор хаяж 3-4 жилийн дотор л ийм болно.
-Социализмын үед төрийн томчуудыг төрийн нууц задруулахгүйн тулд архиар хордуулж донтуулах ч юмуу, тариа тарьж тэнэглэлд оруулдаг гэж дуулсан. Та энэ талаар сонссон зүйл байна уу?
- Энэ талаар сонсоогүй юм байна. Гэхдээ архи уугаад байвал тариа тарьсан тариагүй өөрөө солиорол, эрсдэлд орж солиотой хүн болно. Харин Монгол үндэстэн  архинд донтож солиоролд орж тэнэглэлтэй байх нь магадгүй зарим харийн оронд ашигтай хувилбар байхыг бид үгүйсгэхгүй. Тэгэхээр олон нийтэд өгч болдоггүй нарийн нууц бидэнд байдаг. Түүнийг хаана өгдөг юм гэхээр хувь хүнд нь өгдөг. Нийтэд ярьж болохгүй олны танил хүмүүстэй холбоотой нарийн мэдээлэл бидэнд байдаг. Ямар ч хүн уусан үедээ л хамаг нууцаа дэлгэдэг. Манайх хувь хүний нууцыг гүн хадгалдаг. Архидалт гэдэг ямар ч үндэстний хувьд үнэхээр мөхөл. Яагаад гэвэл оюуных нь  хувьд хараат байдалд оруулдаг. Сэтгэхүй, сэтгэлгээний хараат байдалд орсон хүн гэдэг зарим нь гаднаас нь харахад зүгээр л ажлаа хийгээд яваад байдаг. Гэхдээ архиныхаа байнгын хамааралд. Ийм хамааралд орсон төр нийгмийн зүтгэлтнүүд ч олон байна. Бид хараад л мэднэ. УИХ хуралдаж байхад эрүүл хүн ярихын аргагүй зүйл ярьж байна. Тэгэхээр төрийн өндөр албан тушаалтанд архины асуудал байна уу гэдгийг тусгай мэргэжлийн хүмүүс шалгаж илрүүлэхэд илүүдэхгүй. Нэр дэвшихэд нь хүртэл нэг үзүүлэлт болгох хэрэгтэй гэж боддог. Архинд дуртай хүн архиа л дэмжинэ. Архины рекламыг дэмжээд хэвлэл мэдээллээр цацсан. Архины үйлдвэрийн эзэд бүгд УИХ-д байна. Сурталчилгаанаас болж 100 хувь угаагдаж байна. Гэхдээ шилтэй цэнхэртэй тэмцэх биш. Уух авах сэдэл төрүүлээд байгаа шалтгаантай л тэмцэх хэрэгтэй болов уу.
Ярилцсан Ц.Мягмарбаяр  


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш