logo
Хурдан морь унаачдын эрхийг хамгаалахад хууль шаардлагатай

Хурдан морь унаачдын эрхийг хамгаалахад хууль шаардлагатай

2013/03/28
Хурдан морины унаач хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар өчигдөр Өдрийн сонины "Асуух эрхийн танхим"-д хэлэлцүүлэг өрнөлөө. Эл хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын морин спорт, уяачдын холбоо зэрэг байгууллагын болон хохирогчдын төлөөлөл оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Тэд холбогдох хуульд еөрчлөлт оруулж, зөвшөөрөлгүй хурдан морины уралдаан зохион байгуулан хүүхдийг эрүүл мэнд, амь насаар нь хохироогчдод эрүүгийн хариуцлага тооцох, улмаар унаачийнхаа аюулгүй байдлыг хангахгүйгээр уралдаанд оролцуулсан сум, аймаг, улсын цолтой уяачийн цолыг нь хураах, улсын баяр наадамд морьд уралдуулах эрхийг нь хасах хүртэл хариуцлага тооцох шаардлагатай байна гэсэн асуудлыг хөндөж байлаа. Энэ үеэр зарим байгууллагын төлөөллөөс "Унаач хүүхдийн эрхийг хамгаалахын тулд яах ёстой вэ" гэсэн асуултад хариулт авснаа хүргэе.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа
:
-Хурдан морины унаач хүүхдийн эрхийн асуудлаар иргэд бидэнд их хандаж байна. Юуны түрүүнд, үүнийг зохицуулсан хууль гаргах хэрэгтэй. Байгаа хууль, дүрмээ судлахаар Үндэсний баяр наадмын тухай : хууль, энэ хуулийг дагаж мөрдөх тухай журам, Монголын морин спорт уяачдын холбоо дүрэм л байна. Тэгэхээр эдгээрт тусгаагүй олон асуудал байгаа. Ялангуяа, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг нь яаж хамгаалах вэ, уралдааны үеэр хүүхэд осолдвол яах вэ, стандартын хувцас өмсгөх эсэх асуудлыг тусгаагүй байна. Тиймээс яаралтай энэ асуудлыг зохицуулах хууль зүйн гаргалгааг бий болгох ёстой. Өвөл морь уралдуулж буй нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа.

Дүрмийн заалтад ч өөрчлөлт оруулж, ядаж хаврын дунд сараас уралдаан зохион байгуулах тухай тусгах шаардлагатай байна. Хамгийн гол асуудал нь, 2010 онд хамгаалалтын хувцасны стандарт батлагджээ. Гэтэл үүнийгээ мөрддөггүй. Өвөл бүр ч мөрдөх боломжгүй. Тиймээс өвөл морь уралдуулахыг хориглох ёстой. Энэ асуудлыг тусгасан долоон шаардлагатай шаардах бичгийг Ерөнхий сайдад хүргүүлнэ. Бид хаврын чуулганаар Морин уралдааны тухай хуулийг санаачилж хэдэн наснаас . дээшхи хүүхэд унах, хүүхдийн ослын даатгал ямар байх, хариуцлага алдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог нэг бүрчлэн тусгах шаардлагатай гэж үзэж байна.

Морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:
-Манай холбооны тухайд тэргүүлэх чиглэл нь хурдан морь" унаач хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтын асуудал байдаг. Тиймээс бид Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран ажиллаж унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэлийн стандартыг батлуулсан. Энэ стандартад унаач хүүхэд хамгаалалтын каск малгайтай, цээживч, өвдгөвч, тохойвчтой уралдаанд оролцоно. Үүнийгээ аль болох мөрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Мөн 2010 онд Хүүхдийн төлөө үндэсний газартай хүүхдийн эрхийг хамтарч, хамгаалахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Орон нутагт зохион байгуулалтгүй, хэн нэгний дур зоргоороо хийсэн жижиг уралдаануудын үеэр унаач хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг. Уралдааны зохион байгуулалтын асуудал унаач хүүхдийн аюулгүй байдалд маш чухал. Тиймээс аливаа уралдааныг комисстой, цагдаатай, эмчтэй, морины комиссын хяналттайгаар зохион байгуулах ёстой.

Манай холбоо хэдхэн уралдаан зохион байгуулдаг юм. Тухайлбал, жил болгон хавар "Дүнжингарав" уралдааныг, гурван жилд нэг удаа "Их хурд" шигшмэл хүлгийн уралдааныг зохион байгуулдаг. Тэгэхээр манай зохион байгуулж байгаа уралдааны үеэр хүүхэд эндэж, бэртэж гэмтсэн тохиолдол цөөн. Хүүхэд мориноос унах асуудал бол гардаг. Эндсэн тохиолдол гараагүй. Хэдхэн жилийн өмнө Дорноговьд аварга тариаланч болсон нөхөр гэрийнхээ гадаа уралдаан зохион байгуулж, зориулалтын бус замаар морь давхиулснаар нэг хүүхэд нас барсан. Уралдааны зохион байгуулалт, зөвшөөрөл, хяналт тавих асуудал унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой.

Энэ чиглэлээр манай холбооноос бүх аймгийн удирдлагад албан бичиг явуулсан. Зөвшөөрөлгүй уралдаан битгий зохион байгуул гэсэн утгатай. Мэдээж, бидний өгсөн энэ үүргийг орон. нутагт биелүүлэх нэг нь байхад, тоохгүй нь ч байна. Манай холбоо 2012 оныг ёс зүйн жил болгож зарлаж "Уяачид аа, ёс зүйтэй байя. Өв уламжлалаа дагая. Зөвшөөрөлгүй уралдаанд оролцохгүй байя" гэж уриалсан. Холбооныхоо дэргэд Ёс зүйн зөвлөл хүртэл байгуулллаа. Өвөл уралдсан уяачдыг улс, аймаг, сумын цолонд тодорхойлохгүй, бүр улс бүсийн уралдаанд оролцдог эрхийг нь хасъя гэсэн санал ч гаргаж байгаа. Энэ мэтээр дотооддоо ажил хийж л байна. Намар холбооныхоо их хурлыг хийнэ. Дүрмээ өөрчилж, олон зүйлийг шинээр тусгана. Уралдааны зохион байгуулалт, зам, унаач хүүхдийн хамгаалалт, өв уламжлал, ёс заншил гээд бүх талаар холбоо маань өөрийн хэмжээнд ажиллаж байна. Бидэнд зайлшгүй шаардлагатай зүйл бол хуулийн зохицуулалт, дээрээс нь арга хэмжээ авах эрх хэрэгтэй байна.

Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал,   үйлчилгээний  хэлтсийн дарга Б.Жавзанхүү:
-Бид 2006 онд Үндэсний баяр наадмын тухай хуулийг хэлэлцэх үед хурдан морийг хэт бага насны хүүхэд унаж байгаа нь аюултай, эрсдэлтэй гэж нэлээн маргалдсаны эцэст хүүхдийн насыг долоо гэж тусгуулсан. Өнөөдөр бодит байдалд дөрвөн настай хүүхэд морь унаж уралдаж л байгаа. Хүүхдийн төлөө үндэсний газар энэ нөхцөл байдалтай уялдуулж, цаашид хуульд өөрчлөлт оруулж хурдан морь унах хүүхдийн насыг 10 болгох байр суурьтай ажиллана. Мөн өвөл, хавар хурдан морь уралдуулах гэж байгаа бол насанд хүрэгчид өөрсдөө унаач гэсэн асуудал тавина. Гэхдээ энэ асуудлаар нээлттэй ярилцах хэрэгтэй.

Г.Отгонбаяр: Морио унуулсан уяач "Та нар надаас юу ч олж долоохгүй"гэсэн
Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 3-нд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр 12 настай хүү мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авчээ. Хохирогч хүүгийн авга эгч Г.Отгонбаяр ийн ярилаа.

-Манай ахын хүүхэд уяач Пүрэв гэдэг хүний хурдан морийг унаж, уралдааны үеэр мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авсан. Тэр уяач уралдаан болох өдрийн өглөө 05:00 цагийн үед дүүг маань гэртээ унтаж байхад ирж, сэрээгээд ундыг нь ч уулгахгүйгээр аваад явсан байгаа юм. Дүү маань Гэмтлийн эмнэлэгт 20 хоног хэвтэж, эмчлүүлсэн. Эмч нарын хэлснээр цаашид ч эмчилгээ хийлгэх шаардлагатай. Зулайд нь цус хурсан байгаа. Тэрийг нь шимэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн. Эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд нь морио унуулсан уяач нь эмчилгээний зардал, эм тарианд туслаагүй.

Харин ч "Танай хүүхэд сайн дураараа миний морийг унасан. Та нар надаас юу ч олж долоохгүй" гэж аав, ээжийг нь доромжилж, элдвээр хэлсэн. Дүүг эмнэлгээс гарах өдөр Пүрэв гэж хүн ирж уулзсан л даа. Тэгэхээр нь би "Эцэг эхээс нь зөвшөөрөл аваагүй байж болно. Ядаж хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарахгүй дээ" гэхэд "Соёмбо" даатгалд даатгуулсан тухай юм ярьсан. Тийм бол тэр даатгалаас мөнгө авч өгөөрэй, тархины томограф зураг авахуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Гэтэл "Соёмбо" даатгалд өмнө нь морио унуулж байсан хүүхдээ даатгуулсан байсан.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш