2011 оны байдлаар Канад Улсаас манай улсад нийтдээ 411 сая ам долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ их мөнгөний дийлэнх нь уул уурхайн салбарт ногдож байна. Яг өнөөдрийн байдлаар манайд Канадын хөрөнгө оруулалттай 40 аж ахуй нэгж ажиллаж байгаа аж. Хөрөнгө оруулалт гэсэн энэ өндөр тооны ард соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны “зөөлөн” дэд бүтцийн асуудал үндсэндээ орхигдсон гэж хэлэхэд хилсдэхгүй.
УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа үеэр Канад Улсын парламентын Нийтийн танхимын спикер ноён А.Шийртэй уулзаж, дээрх асуудлыг хөндөж ярилцсан. Мөн Канадын талаас Монгол Улсын иргэдэд олгох визний нөхцлөө харьцангуй хөнгөвчлөх боломжийн талаар санал солилцсон байна. Канад Улс манайд дөрвөн жилийн өмнө дипломат төлөөлөгчийн газраа нээсэн хэдий ч визний асуудлыг Бээжин дэх Элчин сайдын яам шийддэг. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд виз олгох нөхцлөө АНУ-тай адил болгох талаар ярилцлаа.
Канад Улс нь нэр бүхий хэдэн улсаас бусад орны иргэдэд виз олгохдоо харьцангуй өндөр нөхцөл тавьдаг. Олон удаагийн орж, гарах визийг бараг дардаггүй. Дээд тал нь таван жилийн хугацаатай виз байдаг ч манайханд тэр бүр дараад байдаггүй. Сургалтын төлбөрөө өөрөө шийдээд Канадад сурах оюутан зөвхөн визнээсээ болоод боломжоо алддаг нь олон хүн сурч чадахгүй байгаа шалтгаан гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлэв.