logo
Н.Батбаяр: Жилд нэг сая тонн нүүрс олборлохын тулд 202 хүн амиа алдах ёстой юу

Н.Батбаяр: Жилд нэг сая тонн нүүрс олборлохын тулд 202 хүн амиа алдах ёстой юу

2013/03/28
МХЕГ, Уул уурхай яамны хамтарсан ажлын хэсгийнхэн Налайх дүүрэгт байдаг нүүрсний далд уурхайнуудыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн шалгаж, зарим амыг хаасан.Үүнтэй холбоотойгоор дээрх уурхайд ажиллан амь, амьжиргаагаа залгуулдаг гэх иргэд эсэргүүцэл зарлаж буйгаа илэрхийлэн өчигдөр хэвлэлийнхэнд хандана хэмээсэн ч товлосон хурлаа хойшлуулжээ. Бид энэ талаар болон шалгалтын үед ямар зөрчил илэрсэн талаар МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяртай ярилцлаа.

-Танай шалгалтын хэ­сэг Налайхын нүүрсний уур­хай­нуудыг шалгаад үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн. Ямар үндэслэлээр хаасан юм бэ?

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 2-ны  Засгийн газрын 43 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор Налайхын нүүрсний уурхайд хувиараа нүүрс олборлож буй иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч буйг таслан зогсоох арга хэмжээ авахыг тусгасан. Тодруулбал, хөдөлмөрийн аюул­гүй байдал, эрүүл мэндийн шаардлага хангасан эсэх, иргэдийн амь нас эрсдэх эрсдэлтэй болсон далд уурхай­нуудын талаар авах арга хэмжээний саналыг гаргаж Засгийн газарт танилцуул гэсэн үүрэг даалгавар  өгсөн юм. Энэ тогтоолын дагуу Шадар сайд, Уул уурхайн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал гарч Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй далд уурхай, ам цооног, малтмалуудад шалгалт хийлээ. Шалгалт энэ сарын 11-22-нд болсон бөгөөд холбогдох яам, агентлагийн 33 албан тушаалтан оролцсон томоохон шалгалт болсон.

-Шалгалтаар ямар ноцтой зөрчил илэрсэн бэ?


-Шалгалтын үеэр 186 амыг шалгасан. Үүнд 14 тусгай зөвшөөрөл эзэмшигч, хоёр нөхөрлөлийн 80 орчим нүүрсний ам болон тусгай зөвшөөрөлгүй, хууль зөрчиж үйл ажиллагаа явуулдаг 100 орчим цооног багтаж байгаа. Хууль бусаар үйл ажиллагаа эрхэлдэг нөхдүүд Ашигт малтмалын тухай хуулийн 7.3-т тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт  малтмал хайх, ашиглахыг хориг­лоно  гэсэн заалтыг зөрчсөн тул үйл ажиллагааг нь зогсоолоо. Үлдсэн 80 гаруй ам, цооногийн хувьд Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл байдлын тухай хуулиудтай холбогдож гарсан журам дүрэм, стандартыг мөрдөж байна уу гэж шалгасан. Гол зөрчил нь ашигт малтмалын нөөц байхгүй, нөөц тогтоогоогүй тэр ч бүү хэл нэг хэсэг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд иргэдтэй түрээсийн гэрээ байгуулаад ам цооног гаргасан байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч  бол тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ өөрөө ашигт малтмалын нөөцөө тогтоогоод осолгүй, хаягдал бохирдолгүйгээр ашиглах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ёстой. Тэгээд үүнийгээ Уул уурхайн эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлээд хүлээлгэж өгөх ёстой. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг БОНХЯ-аар хэлэл­цүүлж баталуулсан бичиг баримт байх ёстой. Гэтэл энэ бичиг баримт дээрх 14 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэнд ч байхгүй байсан. Мөн байгаль орчин болон газар нутаг эвдэж сүйдсэн гээд олон зөрчил илэрсэн. Тиймээс хуульд заасан хүрээнд тухайн үйл ажиллагаа явуулахыг түр зогсоох актыг манай байцаагчид гаргасан.

-Цаашид ямар арга хэмжээ авч ажиллах юм бэ. Үйл ажиллагааг нь бүр хаасан уу, эсвэл түр үү?


-Ажлын хэсэг Налайх дүү­рэгт замбараагүй үйл ажил­лагаа ил далд нууц аргаар явуулж, хүний амь хохироож байгаа, амь нас эрсдэх нөхцөл бий болсон уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох ёстой. Бүр хаах уу, түр хаах уу гэдгийг  Ажлын хэсгийнхэн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Бид цаг дулаарч байхад нэг ч гэсэн хүний амь эрсдүүлэхгүй гэсэндээ үйл ажиллагааг нь зогсоосон шүү дээ. Үүнийг ойлгох хэрэгтэй.

-Налайхын нүүрсний орд ямар хэмжээний нөөцтэй вэ?


-Энэ уурхайд нийтдээ 59 сая тонн нүүрсний нөөц 120 метрийн гүнээс доор байдаг гэх судалгаа бий. Энэ нөөцийг хэрхэн хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан, технологийн шаардлага хангасан, орчин үеийн дэвшилтэд технологи ашигласан мэргэжлийн уурхайч­даар ашиглуулдаг болгохоор нөхцөл бололцоо байгааг судлах хэрэгтэй. Хэрвээ боломж нь байвал үүн рүү чиглэсэн арга хэмжээг Уул уурхайн яам анхаарч харна гэсэн.

-Байгаль орчин эвдэж сүйтгэсэн гэлээ. Хэдэн га газар гэдгийг нь тогтоосон юм уу?


-Арав гаруй га газрыг их хэмжээгээр эвдэж сүйдэлсэн байна. Энэ газрыг хэрхэн яаж нөхөн сэргээх, байгаль орчинд хохирсон хохирлыг хэн, хэрхэн барагдуулж, хариуцлагыг нь ямар этгээд хүлээх вэ гэдэг нь өнөөдөр ч тодорхой бус. Зарим нь энэ бүхнийг хэзээ, яаж нөхөн сэргээх, ямар хэмжээний зардал мөнгө гарах, дэс дараалалтай ямар арга хэмжээ авах юм бэ гэцгээдэг. Ажлын хэсгийнхэн шалгалтын дүнгээ боловсруулаад Засгийн газарт танилцуулна. Ийм арга хэмжээг авахаар энэ үйл ажиллагаанд холбогдсон 1400 орчим хүн байна. Энэ хүмүүсийг  хэрхэн яаж ажлын байраар хангах, орлоготой болгох юм бэ гэдэг асуудал хөндөгдөнө. Ажлын хэсгийнхэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулаад дуусч байна. Бид өнөөдөр хуралдаж, ирэх долоо хоногт бүх бичиг баримтаа цэгцэлж дуусаад Уул уурхайн сайдын зөвлөлд танилцуулан улмаар Засгийн газарт асуулга оруулах юм.

-Өмнө нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж бай­сан хүмүүсийг хянаж шалгадаггүй байсан хэрэг үү?


-Дээрх уурхайнуудад жил болгон манайхаас шалгалт хийдэг байсан. Мөн Налайх дүүргийн Мэргэжлийн хянал­тын газраас шалгалт хийж, цаашдын арга хэмжээг тодорхойлон үйл ажиллагааг нь таслан зогсоодог байлаа. Гэхдээ хуримтлагдчихаад бай­сан асуудлууд тухайн үедээ эцэслэн шийдэгддэггүй байсан учраас уурхайчид бөөн бөөнөөрөө дайраад орчихдог байв. Мөн дүүргийн цагдаагийн байгууллагад хүний амь эрсдээд байна аа гээд эрүүгийн хэрэг үүсгүүлэхийг санал болгодог ч шийддэггүй байсан.Одоо харин Засгийн газар чухал асуудал гэдгийг олоод харчихсан нь сайн хэрэг.

-Уурхайн нурангид жилд хэчнээн хүн даруулж амиа алддаг юм бол. Жилээс жилд уурхайд амиа алдаж буй хүний тоо буурахгүй байна гэдэг шүү дээ?


-Сүүлийн гурван жилийн судалгааг харахад уул уурхайн салбарт гарч байгаа нийт ослын 62 хувь Налайхын уурхайд гарч. Одоо цаг агаар дулаарахаар нуралт бий болж осол их гарах үе ирчихээд байна. Яагаад гэхээр нуралт их хэмжээгээр бий болж, агаарын солилцоо байхгүйгээс болж бүтдэг. Тэгээд ч 10 гаруй га газарт 186 нүх ам цооног байна гэхээр газрын доорх тарваганы нүх шиг хоорондоо холбогдсон нүх сүлжээ бий болсон гэсэн үг биз дээ. Ямар ч бэхэлгээ хийж, хамгаалалтын арга хэмжээ авсан бай нурах аюул нүүрлэчихээд байна. Дээрх уурхайд жилдээ 20 орчим хүн амиа алддаг. Он гарсаар гурван хүн уурхайн нурангид даруулж амиа алдсан байна. Бид жилд сая орчим тонн нүүрс авахын тулд 20 орчим хүний амийг эрсдүүлээд байх уу гэдэг асуудлыг Засгийн газар анхааралдаа авна биз дээ. Ийм байдлыг таслан зогсоож, дорвитой арга хэмжээ  авна гэдэгт итгэж байна.

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хангасан эсэхэд танайхаас хянах ёстой юу?


-Өнөөдөр 100 гаруй ам, цооногоос иргэд хууль бусаар нүүрс олборлож байна. Тэд хууль бусаар хулгайгаар нүүрс олборлож байхад нь хяналт тавьж, таслан зогсоох нь цагдаа нарын хийх ёстой ажил. Гэтэл тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоохгүйгээс болж бие биенээ уруу татаад дэвэрсэн даварсан байдалтай явж ороод байна. Тэднийг дагаад тусгай зөвшөөрөлтэй хүмүүс давхар дайрдаг. Налайх дүүрэгт уул уурхайн ганц, хөдөлмөрийн аюулгүй байдлын хоёр байцаагч байдаг. Тэд өдөр болгон хянаж шалгах боломж үгүй, хүч нь ч хүрэхгүй. Ганцхан уурхайчидтай тэмцэхгүй цаана нь шаврын үйлдвэр, барилга байгууламжид шалгалт хийгээд явж байх хойгуур нь лацыг нь аваад дураараа ордог.

-Уурхайчид амьжиргааны эх үүсвэрийг хаалаа хэмээн эсэргүүцэж байна. Тэднийг яах ёстой вэ?


-Ажлын хэсэг цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгаад Засгийн газрын хурал­даанаар танилцуулж хэлэлцэнэ. Би тэдэнтэй уулзаж ярилцаж ойлголцохыг хичээсэн ч хэцүү юм билээ. Өөрсдийгөө өмөөрч эсэргүүцэл үзүүлж байсан. Тэд “Бид юугаар, яаж амьдрах юм.  Орлогын эх үүсвэрийг хаалаа, Түлээ нүүрсээ яах юм бэ” гэж уурлаж байна билээ. Гэхдээ тэдний асуудлыг шийдэхгүйгээр орхихгүй шүү дээ. Цаашид шаардлага хангасан, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин үеийн уурхай байгуулж, тэнд байгаа хүмүүсийг ажлын байраар хангах хэрэгтэй гэдгийг Зас­гийн газраар шийдэх ёстой байх.

-Уурхайчдад хариуцлага тооцох нь зөв байх?


-Хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Одоогоор ч хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байгаа юм билээ. На­лайх  дүүрэгт ажиллаж байгаа төр захиргаа, хууль хяналтын байгууллагаас хяналт тавьж хариуцлага хүлээлгэх эрх нь байгаа шүү дээ.

О.САЙХАНЦЭЦЭГ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш