Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо буюу Хайлаастын 49-р сургууль бол сурагчдынх нь хувьд 2 дах гэр нь. Тус сургуулийн сурагчдын нэг өдрийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөхөөр зорилгоор урлаг, спортын манлайлагч залуус болох жудо бөхийн Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Спортын бэлтгэлийн төвийн дарга МУГТ Б.Наранбаатар, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын урлагийн хороо”-ны дарга Э.Цолмонбаяр, СБТ-ын Спортын Эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга, сагсан бөмбөгийн спортын мастер Ph.D Б.Ганзориг, Мотив хамтлагийн ахлагч Жижигээ буюу Б.Эрдэнэбаяр, “Miss Mongolia-2012” тэргүүн мисс Д.Долгион, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, дуучин BX нар зочилсон байна. Тус арга хэмжээг “СПИРТ ҮҮ?, СПОРТ УУ?” аяны хүрээнд МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын спортын хороо”-ноос “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулсан байна. Улмаар тэд сургуулийн нийт сурагчидтай урлагийн зааланд уулзалт хийж, хүүхдүүд өөрсдийн бэлдсэн дуу, бүжгийг сонирхуулж, сонирхсон асуултандаа хариулт авч, амжилт гаргасан туршлагаас нь хуваалцжээ. Үүний дараа тэд үндсэн ажилдаа орж, 49, 17, 72, 37 дугаар сургуулиудын багш, сурагчдаас бүрдсэн багийнхантай сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтоо эхэллээ. Нөхөрсөг тоглолтоор 17-р сургуулийн мөрөөдлийн багийнхан ялалт хүлээсэн байна. Энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдэд багаас нь спортын ач холбогдлыг танин мэдүүлэх, цаашлаад спиртнээс татгалзаж, эрүүл зөв бие бялдартай болохын тулд спортоор хичээллэх ойлголтыг төлөвшүүлэх зорилгын дор зохион байгуулагдаж байгаа юм байна. Дашрамд дурдахад Залуучуудын спортын хорооныхон сургуулиудын сурагчдаас ирсэн санал хүсэлтийн дагуу тухайн сургуульд очиж, нөхөрсөг тоглолт хийж, нэг өдрийг өнгөрүүлэх энэ мэт ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.