Зуны намуухан салхи хацрыг минь илбэж, үсээр минь наадан, зулзаган моддын анхилуун үнэр зүрх сэтгэлийг минь гижигдэж, байгаль дэлхий нам гүм нойрсох мэт тэрхэн үест би түүнтэйгээ анх учирч билээ. Анх түүнийг өөр нэгэнтэй явж байхыг хараад өөрийн болгохоор сэтгэл шулуудсансан. Хэн бүхнийг өөртөө татаж, дурлуулж, салахы нарг агүйд хүргэдэг агуу чанарыг нь би тэр үеэс л мэдэрч бага багаар өөрийн болгож эхлэв. Түүнийг минь харсан хүн бүр надад “Хэрэггүй юм биш үү, таалагдахгүй байна, чамтай насан туршдаа хамт амьдрах хань чинь бишээ, хурдан сал” гэцгээдэг байсансан. Тэд миний хонгорын ямар сайхныг мэдрээгүйдээ л тэгдэг байсан биз.Түүнтэйгээ би өдөр бүр цаг мөч тутам уулздаг байсан. Өглөө сэрээд, өдрийн цайны цагаараа, оройн хоолоо идчихээд гээд л хэн ч надад саад болохгүй нам гүн бодролд автсан үедээ түүнийгээ бодон санагалзана. Тэгээд уулзана. Үнсэлцэнэ. Тэр миний бүхий л биеийг өөртөө уусгаж намайг эзэмдэнэ. Уруулд минь хүрэхэд хамаг бие халуу шатаж, толгой эргэжнэг л мэдэхэд түүнийхээ мэдэлд орчихсон байдагсан.Тэр мөчийг юутай ч зүйрлэшгүй. Уулзаад салах бүрт түүний минь анхилуун үнэр бүх биенд минь уусан шингэж хором мөч бүхэнд түүнтэй байгаа мэт сэтгэгдэл надад төрдөг байж билээ. Тун удалгүй гэрийнхэн минь, бидэн хоёрын үерхлийг мэдэж, огт хүлээж авалгүй шууд л салгах оролдлого хийж эхэлсэн. Уулзаад гэртээ ороход түүний минь үнэр миний бие цогцосоос сэнгэнэтэл ханхийж гэрийнхэн хар тамхи илрүүлдэг овчарк нохой адил тэр дор нь намайг илрүүлнэ. Тэгэх бүрт ээж минь “Хурдан сал, тэр нэг юмтайгаа насаараа хамт байх гээ юу. Чи наадахтайгаа удах тусам салж чадахаа болино. Чамд ямар нэгэн муу юм бол бол яана” гэх зэргээр эх хүний үрээ гэсэн сэтгэлийн гүнээс үргэлж надаас гуйдаг байв. Би түүнтэй танилцсан цагаасаа эхлээд л үргэлж ашиглуулсан. Тэр миний халаасыг хоосолж, шим шүүсийг минь сорж байгааг би цаг мөч хором бүрт санаж өөртөө салъя гэж хэлдэг байсан. Гэсэн хэдий ч би түүнд хэтэрхий хайртай болж, бодол сэтгэлийн дотоод ертөнцөд нь автсан учраас хаяад явж зүрхлээгүй юм. Яагаад гэвэл баярласан гунигласан ганцаардсан үед тэр л миний дэргэд байж намайг тайтгаруулдаг шүү дээ. Тийм болохоор чамаасаа сална гэдэг хэцүү. Чамайг минь орлож чам шиг минь сайхан мэдрэмж төрүүлэх зүйл надад дахин олдохгүй ч гэлээ найз нь сэтгэлээ хүчлэн барьж чамайг орхихоор шийдлээ. Ханьсаж дасчихаад хаяад явсныг минь уучлаарай. Улаан тамхи минь...
Бэлтгэсэн:Якуш
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин
Бэлтгэсэн:Якуш
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин