Монгол Улс БНТүрк Улстай юуны өмнө орон сууцны барилга, зам гүүр барих, гэр хороооллыг дахин төлөвлөж барилгажуулах, арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор шинээр байгуулах, энэ салбарт орчин үеийн технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлал хөгжүүлэх, үүний тулд Хархорины онгоцны буудлыг шинэчлэх, Орхоны хөндийд соёл, түүх, аялал жуулчлалын цогцолбор байгуулах чиглэлээр хамтран ажиллах, эдгээрийг хэрэгжүүлж эхлэх зорилгоор Түркээс урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах, хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгааг сайд Д.Бат- Эрдэнэ илэрхийлэв.
Шадар сайд Б.Арынч хэлэхдээ хоёр улсын хооронд аялал жуулчлалыг өргөтгөх, худалдаа, бизнесийн харилцааг идэвхжүүлэхийн тулд Истанбул – Улаанбаатар хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцан адил байх зарчимд үндэслэн Түркийн иргэдийг Монголд визгүй зорчдог болгох, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, орон сууцны барилга барих зэрэгт хамтран ажиллах боломж байгааг онцлон тэмдэглэв.
БНТУ-ын Шадар сайд Б.Арынч Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат –Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн зоог барив.
Хамтарсан хорооны хуралдаанд Түркийн талаас 10 яамны 50 гаруй төлөөлөгч, Монголын талаас ГХЯ, ЭЗХЯ, БХЯ, ҮХААЯ, ЭХЯ, БХБЯ, Худалдан авах ажиллагааны газрын хариуцлагатай ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид болон Анкара дахь Монгол Улсын ЭСЯ–ны дипломат ажилтнууд оролцож байна. Хурал үргэлжилж байна.