logo
 БШУ-ны сайд Л.Гантөмөр  БНХАУ-ын Боловсролын сайд, шинжлэх ухаан, технологийн сайд нартай уулзав

БШУ-ны сайд Л.Гантөмөр БНХАУ-ын Боловсролын сайд, шинжлэх ухаан, технологийн сайд нартай уулзав

2013/03/29
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 2013 оны 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийлээ. БШУ-ны сайд Л.Гантөмөр БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Вань Ган, Боловсролын сайд Юань Гуйрэнь нартай 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр албан ёсны уулзалт хийж хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

БШУ-ны сайд Л.Гантөмөр БНХАУ-ын Боловсролын сайдтай хийх уулзалтаар Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Боловсролын салбарт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгааг тэмдэглэн Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд бүрийг нээн хөгжүүлж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь өнөөгийн боловсролын салбарын нэн тэргүүний зорилт болж байгааг дурдсан юм.  Түүнчлэн хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд боловсролын салбар дахь хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулахыг онцлон тэмдэглэлээ.

Тэрээр БНХАУ-ын Боловсролын сайдад БНХАУ-ын Засгийн газраас Монголын талд олгодог тэтгэлгийг үр дүнтэй ашиглах, нэн эрэлт хэрэгцээтэй байгаа уул уурхай, шинжлэх ухаан, дэд бүтэц, ургамал, байгаль орчин хамгаалал, мал эмнэлэг, нарийн мэргэжлийн инженер, технологи зэрэг салбаруудад  мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх тухай саналыг дэвшүүлэв.

Хятадын тал Монгол Улсын БШУ-ны сайд Л.Гантөмөрийг БНХАУ-д айлчилж, хоёр орны боловсролын салбарыг улам идэвхитэй хөгжүүлэхэд анхаарал тавьж байгаад талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны тодорхой саналууд дэвшүүлсэнийг нааштай хүлээн авч дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн сайд нарын уулзалтын үеэр хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, байнгын ажиллагаатай механизм бий болгох, боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар тодорхой саналуулыг дэмшүүлж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тогтов.

БШУ-ны сайд Л.Гантөмөр БНХАУ-ын Шинжлэх ухааны сайд Вань Гантай хийсэн уулзалтын үеэр хоёр талын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд хятадын тал идэвхитэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, Монгол Улс Шинжлэх ухааны парк байгуулах зорилтын хүрээнд Хятад улстай хамтран ажиллах, туршлага судлах, энэ чиглэлээр судалгаа хийхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

Цаашид хоёр орны ШУТ-ийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт тусгасан ажлуудын хэрэгжилтэнд анхаарал хандуулах, хоёр талын хамтарсан хорооны хуралдааныг ойрын хугацаанд эхлүүлэх, мэргэжлийн байгууллага, хүрээлэнгүүдийн хамтын ажиллааг идэвхижүүлж, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Хоёр талын ШУТ-ийн Хамтарсан хороог байгуулж, яам хоорондын харилцааны шууд механизмыг бий болгох нь чухал бөгөөд энэхүү хамтарсан хорооны гол үйл ажиллагаа нь харилцан туршлага судлах, судлаач, эрдэмтэдийн хамтын ажиллагааг дэмжих,  Монгол-Хятадын хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэх болно гэв. Монголын тал хөдөө, аж ахуй, биологи, биотехник, электрон технологи, анагаах ухаан, сэргээгдэх эрчим хүч, геологи, газар зүйн салбаруудад хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд монголын тал бэлэн байгааг илэрхийлэв.

БНХАУ-ын ШУТ-ийн сайд Вань Ган хэлэхдээ, "...аливаа орны худалдаа, эдийн засаг, нийгмийн хөгжилд ШУТ-ийн салбарын үр нөлөө их.
Монгол Улсын Засгийн газар Шинжлэх Ухааны парк байгуулахад ач холбогдол өгч байгаа нь зөв зүйтэй алхам бөгөөд Хятадын ШУЯ дэмжлэг үзүүлж ажиллах болно. Шинжлэх ухааны салбарт хамтран ажиллахад хоёр орны хооронд асар их нөөц бололцоо байгаа бөгөөд үүнийг үр ашигтайгаар хэрэгжүүлж ажиллах нь чухал юм" гэв.
Түүнчлэн Л.Гантөмөр сайд Бээжин хотын Жун Гуаньцунь дүүргийн Циньхуа Шинжлэх ухааны технологийн үйл ажиллагаатай танилцаж Жун Гуаньцунийн Удирдах зөвлөлийн орлогч дарга Жоу Гуолинь, Циньхуа Шинжлэх ухааны технологийн паркийн Удирдах зөвлөлийн дарга, "Таспарк Холдинг" ХК-ийн Байнгын дэд Ерөнхийлөгч Ли Жыцян нартай уулзаж хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш