logo
  Төрийн хэлний зөвлөлөөс RECYCLE гэсэн англи үгний орчуулга “ДАХИВАР” болохыг хэлэлцэн баталлаа

Төрийн хэлний зөвлөлөөс RECYCLE гэсэн англи үгний орчуулга “ДАХИВАР” болохыг хэлэлцэн баталлаа

2013/03/29

ССАЖ-ын сайд хатагтай  Ц.Оюунгэрэлийн эрхлэх ажлын хүрээнд Төрийн хэлний  зөвлөл багтдаг бөгөөд өнөөдөр тус яамны хурлын танхимд Төрийн хэлний зөвлөлийн ээлжит хурал болсон юм.  Энэхүү хуралд Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, Л.Болд (ШУА-ийн ХЗХүрээлэн), Т.Дорж(ШУА), Н.Лүндэндорж (Хууль зүйн үндэсний хүрээлэн), Н.Чинбат (Оюуны өмчийн газар) зэрэг албаны хүмүүс оролцон гурван асуудлыг авч хэлэлцсэн юм.

Үүнд  төрийн хэлний зөвлөлийн бэлгэ тэмдэг, лого болон “RECYCLE”гэсэн  байгаль орчны хог хаягдлыг багасгах зорилгоор хэрэглэдэг англи үгний нэр томьёог “ДАХИВАР” хэмээн албан ёсоор орчуулж, хэрэглэх шийдвэрийг хэлэлцэн баталлаа.    

“ДАХИВАР”  гэдэг нь аливаа зүйлийг хоёр дахин, давтан үйлдэх, дахилт гэсэн утга бүхий цэвэр монгол үг юм байна.   

Тиймээс одоо албан ёсоор шил, лааз, хуванцар,  хаягдал төмөр гэх мэт хоёрдогч түүхий эд авах цэгийг ДАХИВАР гэж нэрлэн ДАХИВАР цуглуулах  савыг хогын савны хажууд зэрэгцүүлэн байршуулахдаа recycle болон дахивар хэмээн цуг хэрэглэх боломжтой болж байгаа юм.  

Мөн нийслэлд байрладаг байгууллагуудын хаягийг хууль тогтоомжийн дагуу жигдрүүлэх талаар хотын захиргаанаас зохион байгуулсан ажил болон Засгийн газрын 2013 оны “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохион байгуулж буй ажлаа холбогдох албаны хүмүүс нь Төрийн хэлний зөвлөлд танилцуулж, харилцан санал солилцон хотын дүрэмд хэлний бодлого, хаягжуулалтыг тусгах тал дээр хамтарч ажиллахаар болсон байна.

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БАЙРЛАХ “БУЯНТ УХАА” СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ХАМТ ОЛОН ХОГЫН БОЛОН ДАХИВАРЫН САВЫГ  ӨӨРСДИЙН БАЙГУУЛЛАГА ДЭЭРЭЭ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛСНИЙГ ЖИШЭЭ БОЛГОН ҮЗҮҮЛЖ БАЙНА.


 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш