logo
62 хүн усанд осолдож амиа алдаад байна

62 хүн усанд осолдож амиа алдаад байна

2011/08/02
Ийм харамсалтай мэдээг Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Шадар ахмад М.Энх-Амар өнөөдөр Улсын онцгой комиссын хуралдаанд танилцууллаа. Тиймээс албан хаагчдаа бэлэн байдалд байлгаж ажиллуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир нарт, үерийн аюултай бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Шадар сайд М.Энхболд даалгав.
Нийт нутгаар усархаг, дуу цахилгаантай, түр зуурын бороо орсны улмаас авто зам, гүүр, үерийн барилга, байгууламж усанд автаж эвдрэн, хүний амь нас эрсэдсэн тохиолдол ч гарсан байна. Иймээс цаашид замын нөхцөл, байдал хүндэрсэн үед холбогдох арга хэмжээг шуурхай авах, бэлэн байдлаа хангах, хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарах, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргах, тавьж байгаа замын чанарт анхаарахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад мөн даалгав.
 Хуралдааны төгсгөлд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд намрын ургац хураалтын үед техник, тоног төхөөрөмж, түлш, шатахууны доголдол гаргахгүй байх, улсын нөөцийн өвс, тэжээлээс гадна аймаг, сум, малчин бүр өвс, тэжээлээ бэлтгэж, нөөцлөх, 8 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 хэмээр дулаан буюу халах учир хадлан авахад тохиромжгүй байж болзошгүйг анхаарахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн орон даяар тэмдэглэлт ой, баяр болж байгаагаас зам, тээврийн осол эрс нэмэгдэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгсэлтэй зорчиж байгаад анхаарал хандуулахыг даалгав.
Цаг агаарын аюулт үзэгдлийн тухай урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагуудад шуурхай хүргэж байх, тарваган тахал болон олон улсын хөл хориот бусад авчнөөс сэргийлэх, тэмцэх чиглэлээр холбогдох байгууллагуудын мэргэжлийн ангийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах, эм, бусад хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, алсын дуудлагад явах багийг бэлэн байлгах, хөдөлгөөнт багийг тодорхой хугацаагаар тогтмол ажиллуулах,  халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай авч, халдварын эрсдэлтэй дээжид цаг алдалгүй шинжилгээ хийн, үүссэн нөхцөл байдлыг шуурхай мэдээлж байхыг аймаг, нийслэлийн засаг дарга, холбогдох албаныханд даалгалаа.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш