Монголчуудын зорчдог нэгэн орон зай нь цахим ертөнц болсныг бүгд хүлээн зөвшөөрч байна. Үүний хэрээр энэ орон зайд сайн сайхан, саар муухай ч зэрэгцэн орших болов. “Сэтгэгдэл” гэдэг дайсантай ч болцгоолоо. Гэвч Монгол хэлний тайлбар тольд энэ нь тийм ч айхтар дайснаар тодруулаад байхаар үг биш ажээ. “Сэтгэгдэл” гэдэг нь нэр үг бөгөөд “Санаанд төрсөн бодлыг хэлнэ” гэжээ. Тийм болохоор сэтгэгдэл гэдэг нь ердөө л Таны, миний санаанд тухайн агшинд юу орж ирснийг л илэрхийлж байгаа хэрэг. Тэр нь эгдүүцсэн, зэвүүцсэн, бахадсан, сайшаасан, хүлээн зөвшөөрсөн гээд сэтгэл хөдлөлүүдээр идэвхжиж байдаг. Нийгмийн хөгжил нь нийтийн сэтгэгдлийн өнгө аясыг дагаж “намирдаг” бөгөөд нийт олноороо аливаад эмоцигүй, үхээнц хандаад эхэлбэл хөгжил зогсдог гэж үздэг байна. Аливаа мэдээ мэдээллийг хүлээж аваад санаанд орсон бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлдөг байх нь. Гагцхүү “Таны эрх бусдын хамрын үзүүрээр хязгаарлагдана” гэдэг үгийг л санаж байхад бүх юм зөв гольдролоороо явж байгаа нь тэр билээ. Иймд бүгдээрээ цахим ертөнцөд тааваараа зорчихдоо соёлтой харилцаж, биеэ зөв авч явцгаая.
Бид гудамжинд зөрж өнгөрсөн бүхнээ хараалын үгээр булж өнгөрдөггүй шигээ, бид зөрсөн бүхэнтэй мөргөлдөж, нудралцаж, гар зөрүүлж алхдаггүй шигээ энэ орон зайд өөрийгөө хүндэлж өрөөлд үлгэр дуурайл үзүүлцгээе. Өнөөдөр бид өөрсдөөсөө эхэлж энэ бүхнийг хийхгүй бол маргааш бидний үр хүүхдүүд доромжлол, гүтгэлэг, заналхийлэл дүүрэн ертөнцөд амьдрах болох нь ээ.
Вэбсайтад хэрэглэгчид сэтгэгдэл бичихдээ олон хууль, журмыг санаж байх учиртай. Тухайлбал, садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Эрүүгийн хуулийн 86, 179, 144 дүгээр зүйл, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.6, 6.5 дугаар зүйлийг илэрхийлсэн сэтгэгдлүүдийг бичиж болохгүй. Энэ хуулиудаар садар самууныг сурталчлах, гэмт хэрэгт өдөөн турхирах, терроризмыг сурталчлах, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэхэд хүргэх, хүүхдийн эрх зөрчсөн аливаа үйлдлүүдийг гаргахыг хориглосон байдаг юм. Ийм хуультай улсын иргэд өөрсдөө хуулиа дээдэлж, цахим ертөнцийн харилцаанд зөв оролцоод эхэлбэл үр хүүхдүүд, хойч үе маань эх сайхан Монгол хэлээ хүндэтгэл төгөлдөр уламжлан хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй ээ.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Монголын Сайтын Холбоо” ТББ нь албан ёсны гишүүнчлэлтэй 65 вэбсайт, дэмжигч 39 вэбсайтаа хамарсан “Сэтгэгдэл цэвэрлэх аян”-ыг өрнүүлж эхэллээ. Бид “Сэтгэгдэл цэвэрлэх аян”-ы хүрээнд,
- Уншигч, хэрэглэгчдээ соёлтой, зөв боловсон, сайхан сэтгэгдэл бичихэд уриална.
- Сайт бүрийн сэтгүүлч, админуудад дээрх хуулиудыг зөрчсөн, зүй зохисгүй үг хэллэг бүхий аливаа сэтгэгдлүүдийг шууд устгаж, цахим ертөнцийн ХОГИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ЦЭВЭРЛЭЖ ажиллана.
- “Монголын Сайтын Холбоо”-ны гишүүн болон дэмжигч бүх сайтууд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос баталсан “Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлж ажиллана.
- Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Хамгийн сайхан 100 сэтгэгдэл”-ийг олон нийтэд зарлаж, үлгэр жишээ болгоно.
- Цахим орчин дахь сэтгэгдлийн харилцааг зүй зохистой, оновчтой зохицуулах чиглэлээр Төр засгаас явуулж буй аливаа санаачилга, шийдвэрийг Монголын Сайтын Холбоо дэмжиж, хамтран ажиллах болно.
- Уншигч Та ч бас “Сэтгэгдэл цэвэрлэх аян”-д нэгдээрэй. Уншсан, мэдэж авсан бүхнийхээ дор дандаа сайхан сэтгэгдэл үлдээх гэж хичээгээд үзээрэй. Таны үлдээсэн сайхан сэтгэгдэл бусдад урам өгч, аз жаргал бэлэглэж байг. “Соёлт хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэсэн нэгэн үгийг санааныхаа үзүүрт авч явцгаая. Энэ орон зайд бичсэн сэтгэлийн тэр сайхан үгээр тань тэжээгдсэн бусад хүмүүс “Үл таних эмэгтэй”, “Үл таних залуу” таныг үргэлж сайнаар бодож, сайхан бүхнийг ерөөж байг ээ.
Монголын Сайтуудын Холбоо