logo
Хариуцлага, хяналт, хэрэгжилт цахим уулзалт болов

Хариуцлага, хяналт, хэрэгжилт цахим уулзалт болов

2013/03/30
Өөрчлөлт шинэчлэлтийг олон нийт дэмжиж,  биднээс маш их зүйлийг хүлээж байгаа учраас   алгуурлах цаг байхгүй.  Хаврын урин дулаан ирж, бодитой ажлуудыг эхлүүлэх цаг болсон гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг    яам, агентлагуудын удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим уулзалтын эхэнд онцлоод     яамдын   хийж байгаа бүтээлч ажлуудыг нэрлэлээ. “Цагаан сарын бэлэг” сэдвийн дор болсон “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үр дүнд Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаагаар нийт борлуулалтын орлого 4 тэрбум төгрөгт хүрч, энэ хэмжээний мөнгө цагаан сарын бэлэг нэрийн дор гадагшаа урсалгүй үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчиддээ үлдсэн нь сайн ажил болжээ.  Мөн жил бүр зохион байгуулдаг Монголын эдийн засгийн форумыг энэ жил “Монгол брэнд” сэдвийн дор тодорхой зорилго чиглэлтэйгээр  төрийн бус байгууллагууд, үйлдвэрлэгчид, Засгийн газар  хамтран  амжилттай зохион байгууллаа.   Мөн  баасан гариг бүрийн өглөө  Засгийн газрын гишүүд оролцож иргэдтэй санал солилцож, асуултанд хариулдаг “Өглөөний шинэ санаа” цахим уулзалт зохион байгуулж байгааг Ерөнхий сайд сайн ажил гэж дүгнэлээ.  
                       
     Төрийн байгууллагуудын  олон нийттэй харилцах харилцаа дутмаг байгааг сүүлийн үед цагдан хорих 461 дүгээр анги болон  МИАТ компанид гарсан зөрчлүүдийн жишээн дээр хэлж, иргэдэд баримттай,  бодитой мэдээллийг шуурхай  өгч байхыг санууллаа.

    Эрхэлсэн ажилдаа үр дүн гаргаж байгаа төрийн албан хаагчдыг урамшуулах зөв тогтолцоог бий болгох хэрэгтэй. Байр орон сууцны дэмжлэг үзүүлэх, гадаад явуулах, цалингийн урамшуулал олгоход төрийн байгууллагын жишиг тогтоох шаардлагатай байгааг анхааруулсан байна.  Ийм тогтсон жишиг байхгүйгээс зөвхөн Газрын тосны газар  5,3 тэрбум төгрөгийг гадаадад суралцуулах төлбөрт зарцуулж, шагнал урамшуулалд 730 сая төгрөг зарлагадсан байна.

    Гадаад бодлогоо нэг цонхтой болгох талаар Гадаад харилцааны яаманд ярьж байгаа. Гэтэл Хөвсгөл аймгийн Засаг дарга захирамж гаргаж  Швед улс болон ОХУ-д суух Хөвсгөл аймгийн албан ёсны төлөөлөгчийг, Булган аймгийн Засаг даргын захирамжаар БНХАУ,  Японд суух төлөөлөгчдийг  томилсон байна. Гадаад харилцааны яам энэ асуудлаа цэгцэлж авахгүй бол аймаг болгон элчин сайдтай болох нь байна шүү гэдгийг анхаарууллаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш