logo
Ж.Адилбиш: Залуу техникчдийн ордныг аль болох гандааж, гутааж байгаад хувьчилж авах гээд байна

Ж.Адилбиш: Залуу техникчдийн ордныг аль болох гандааж, гутааж байгаад хувьчилж авах гээд байна

2013/03/30
Залуу техникчдийн ордонд Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль үйл ажиллагаа явуулж байна. Уг нь бол энэ ордон зах зээлийн шуурга эхлэхээс өмнө зохион бүтээх авьяастай, дуртай хүүхэд багачуудын зорьж очдог газар байлаа. Энэ ордноос ирээдүйн амжилтын гараагаа эхэлсэн олон инженерүүд төрөн гарсан. Нэгэн цагт гялалзаж байсан энэ ордны өнгө зүс эдүгээ гунджээ. Зохион бүтээх, дадлага сургалтын суурь машин багаж, төхөөрөмжийг бүгдийг үгүй хийж, акталж устгаад дуусгаж. Хүүхдүүдийн хийсэн техникийн бүтээлийн үзэсгэлэн гардаг байсан орчин үеийн интерьер дизайны шийдэл бүхий шилэн тасалгааг нураан гуанз болгочихсон байна. Үүгээр ч зогсохгүй хүүхдүүдийн астроном үзэж, гариг ертөнцийг дуранддаг байсан телескопыг буулгаж хаяад, өндөр цамхагийн ёроолоос нь орой хүртэл элдэв хог новш чихэж, склад болгочихож. Хайран сайхан ордныг ингэж сэглэж хаясанд эмзэглэж, харамсаж явдаг олон хүн бий. Тэдний нэг болох МИАТ компанийн инженер Ж.Адилбиштэй уулзсан юм. Тэрбээр энэ ордны анхны сурагчдын нэг бөгөөд “Би Залуу техникчдийн орны талаар ярих дуртай. Би тэр ордны бүтээгдэхүүн. Ордон бол оюуны том үйлдвэр байсан” хэмээж байлаа.
 Бид мөн ордны төгсөгчдөөс сэтгэгдлийг нь сонссон юм.
-Залуу техникчдийн ордныг хэдэн онд байгуулсан юм бол?
-1975 онд. Байгуулагсан түүх нь Анастасия Ивановна Филатова гуайтай заавал холбогддог. Тэр хүн тухайн үед Хүүхдийн төлөө фондыг даргалж байсан юм. Орос эмэгтэй Монголын хүүхдүүдийн төлөө зоригтой алхам хийсний хүчинд Залуу техникчдийн ордонтой болж байсан түүхтэй. Зураг төслийг нь Москвад хийсэн. 1975 оны намар анхны элсэлтээ авсан. Гэхдээ сурагчдаа авахдаа шалгууртай байсан юм. Хийсэн бүтээсэн зүйлтэй байх хэрэгтэй гэсэн. Тэгээд би нойр, хоолоо хасаад онгоцны загвар хийж очоод нисэх загварын дугуйланд Б.Бэхбат багшид шавь орж билээ.
-Ордонг босгоход хэчнээн төгрөг зарцуулсныг та мэдэх үү?
-Тэрийг сайн мэдэхгүй. Намайг Орост сурч байхад манайх шиг гоё ордон тэнд харагдаагүй. Манай энэ ордны барилга маш гоё дизайнтай. Одоо санаа тавих ч хүн алга, аль болох л өнгийг нь гандааж, гутааж байж л хувьчилж авах гээд байх шиг байна.
-Тухайн үед хэчнээн сурагч дугуйланд хамрагдаж байсан бол?
-2000 орчим сурагч хичээлийн бус цагаараа хоёр ээлжээр хичээллэдэг байсан. Техникийн 16 чиглэлээр дугуйлан ажиллуулж байсан. Тухайлбал, нисэх, авто, усан загварын дугуйлан хичээллэж байсан. Мөн астроном, физик, техник, хөдөө аж ахуйн чиглэлээр ч сургаж байсан. Түүнчлэн хэвлэх болон дархан мужааны хоёр том цех байсан. Одоо тийм техникийн дугуйлан, цех ч алга.
-Төгсөгчдөөс одоо хаана хаана ажиллаж байгаа ямар мундаг хүмүүс байна?
-“Ньютел” компанийн захирал Д.Болор анхны төгсөгч. Мөн манай ордны төгсөгчдөөс Иргэний нисэхийн салбарт инженер техникчээр олон хүн ажилладаг. Ер нь энэ ордонд явж байсан олон хүүхдүүд одоо их сайн яваа. Их ч зөв хүмүүжсэн. Бид хаяа фэйсбүүк, интернэтээр чааталж, “Ордныхоо үйл ажиллагааг яаж сэргээх вэ” гэж ярилцдаг. Бидэнд сэтгэл, зүтгэл бий. Харин дэмжлэг л дутагдаж байна.
-Энэ ордонд хүүхэд багачууд хичээллэхээ яагаад больчихов оо. Цаашид энэ янзаараа байвал таны хэлсэнчлэн хэн нэг нь хувьчилж аваад бүр сураггүй алга болох нь?
-Зах зээлд шилжсэнээр залуучуудын гэх тодотголтой бүгдийг сүйтгэж эхэлсэн шүү дээ. Уг нь энэ ордон Монголын хувьсгалч залуучуудын эвлэлийн төв хорооны харьяа байгууллага байсан юм. Тухайн үед социалист орнуудын хүүхдүүдийн дунд техник технологийн тэмцээн уралдаан зохион байгуулж манай орноос ч сурагчид оролцдог байсан. Польш, Герман, Чех рүү явж тэмцээнд оролцож байлаа. Улсаас хүүхдүүдээ дэмжиж, материаллаг бааз гээд бүх зүйлээр хангадаг байсан. 1990 оны дунд үеэс л сүйтгэж эхэлсэн дээ. Энэ бол төр засаг хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө анхаараагүйтэй л холбоотой. Хэрвээ анхаарч байсан бол хоёр хөрш шигээ л хөгжих байсан. Манай хоёр хөрш хөгжүүлээд л явж байна. Харин манайх зах зээлтэйгээ хамт алдчихсан. Дахиж гаргаж ирж чадаагүй, мартагдсан. Би өнөө үеийн хүүхдүүдийн өмнөөс харамсдаг юм.
Тэр үед Анастасия Ивановна Филатова гуай хүүхдүүдийг их дэмждэг байсан. Тэр үеийн мөнгөөр 10 мянган ам.долларын материал захиалж авчруулж байсан хүн шүү дээ. Тэр материалаар нь бид янз бүрийн юм зохион бүтээнэ. Би сайн санаж байна. Нэг өдөр ордондоо орж иртэл заалаар дүүрэн эрээн мяраан, чамин материалууд өрчихсөн байсан юм. Тэгээд бүх дугуйландаа хуваарилж өгч билээ. Бидэнд материал дутагддаг байв. Одоогийнх шиг нээлттэй биш байсан болохоор тэр бүр гоё юм авч чаддаггүй байлаа. Гадаад явах хүнд онгоцныхоо моторыг захидаг байж. Гэхдээ ихэвчлэн моторыг хүртэл өөрсдийнхөө гараар хийдэг байсан даа.
-Онгоц, мотоцикль хүртэл бүтээж байсан гэл үү?
-Тийм ээ. Энэ ордон оюуны баялаг бүтээгчдийг үйлдвэрлэн гаргасан. “Мазаалай” гэдэг машиныг хүүхдүүд л хийсэн. Хүн суугаад нисэх боломжтой онгоцыг манай ордныг хүүхдүүд л бүтээсэн. Мөн “Картинг” гээд уралдааны мотоцикль хүртэл хийж байлаа. Тэр үед “Картинг” унаад явж байсан хүүхэд одоо авто засварын газар ажиллуулж байх жишээтэй. Бид багаасаа мотор, түлш шатахуун гэж юу вэ, ямар аюултай вэ гэдийг мэдсэн. Хообийноос хоолонд хүрнэ гэдэг дээ. Би хообийгоо яаж хоол болгосон бэ гэхээр багаасаа дугуйланд яваад, цаашаагаа нисэхийн сургуульд сурч төгссөн. Тэгээд одоо онгоц засдаг инженер болоод явж байна даа.
-Залуу техникчдийн ордонд одоо Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Хэзээнээс энэ сургууль энд байрлах болсон юм бол, та мэдэх үү?
-2001 онд байх. Залуу техникчдийн ордны хөгжлийн үе нь 1975-1990 он юм. Бүх аймагт залуу техникчдийн станц байгуулж байсан. Тэгээд 1990 оноос хойш үйл ажиллагаа нь суларч бүдгэрсэн. Урьд нь байсан лабораториудыг зараад, машин тоног төхөөрөмжийг нь яасан юм бүү мэд. Тэр үед захирал нь хүртэл солигдсон. Ордонд орохоод уйлмаар л болж байсан. Тиймээс Залуу техникчдийн ордноо гэсэн сэтгэлтэй хэсэг хүмүүс нийлээд 1997 онд Монголын техник, загвар бүтээгчдийн холбоог байгуулсан. Залуу техникчдийнхээ ордны үйл ажиллагааг сэргээх санаатай энэ холбоог байгуулсан юм.
-Энэ ордонг бүр хувьчилчихсан юм болов уу?
-Сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүр хувьчлаад авчихаагүй л байх. Нийслэлийн мэдэлд байдаг болов уу л гэж бодож байна даа.
-Ордон ийм байдалд хүрснийг та юутай холбоотой гэж ойлгодог вэ?
-1990 он хүртэл удирдаж байсан Доржсүрэн, Ш.Содномбалжир, Дорж багш нар энэ ордонг зориулалтаар нь ажиллуулж, үйл ажиллагааг нь сайн авч явсан. Тэд хүүхдийн бүтээлийг дэмждэг хүмүүс байсан. Харин дөрөв, тав дахь захирлаас эхлээд сүйтгэгч нар ирсэн гэхэд болно. 10 жилийн физикийн багш мэргэжилтэй хүн хүртэл захирлаар нь ирсэн. Тэд энэ салбарын нарийн ширийнийг мэддэггүй хүмүүс байсан. Тухайлбал, Зоригтбаатар, Ганбат гээд хүмүүс ирсэн. Тэд энэ ордныг удирдснаар бараг л орвонгоор эргүүлсэн дээ. Хамаг машин тоног төхөөрөмжийг нь устгасан. Монголд ховорхон байсан мужаан, төмрийн цехийг ч үгүй хийсэн. Төмрийн цехийн токорийн машиныг л гэхэд шалыг нь тойруулж өрөмдөж хагалж байгаад доошоо подвал руу нь унагасан түүх бий. Одоо аягүй бол тэр машин подвалд байж мэдэх л юм. Тэд ийм л эмгэнэлтэй гашуун түүхийг үлдээсэн дээ.
-Нислэгийн талбайтай байсан гэсэн. Тэр талбай нь яасан юм бол. Одоо байхгүй шүү дээ?
-Наадмын талбайн хойно нислэгийн талбай байсан юм. Тэр талбай Залуу техникчдийн ордны байгууламжийн нэг хэсэг байсан. 1990 оны дундуур талбай дээр барилга байгууламж барьж байхгүй болгосон. Би ордны архивт зураг нь байна уу, яагаад алга болсон юм бол гэж хүмүүстэй уулзаж асууж үзсэн л дээ. Гэтэл архивт зураг нь хүртэл байхгүй байна билээ. Урьд нь огт байгаагүй юм шиг л талбайг чимээгүйхэн хувааж авцгаасан. Одоо тийм талбай байсныг нотлох зураг Москвад л байгаа байх. Яагаад гэвэл тэр зургийг Москвагийн зургийн институт гаргасан юм.
-Талбайг хувааж авсан байж болох хүмүүс хэн байдаг юм бол?
-Хэн нэг нь зараад л наймаалцсан биз. Ямар хүн авсан талаар нь мэдээлэл алга байна. Тэр нислэгийн талбай аюулгүй байдлыг нь хангаж, инженерингийн тооцоо хийж байгуулсан зориулалтын ганц газар байсан даа. Талбайн учрыг тэр үеийн удирдлагууд л мэдэх болов уу. Ганбат нь юм уу, Зоригтбаатар нь юм уу бүү мэд.
-Залуу техникчдийн ордныг ч тойруулаад бас баахан байшин байна лээ?
-Өө, бүр бөөрөнд нь наалдуулаад л өндөр өндөр барилга барьчихсан. Одоо ордон маань харагдахаа больсон байна билээ. Одоо аягүй бол нураах байх. Нураавал би уйлна. Би тэр ордонд өссөн. Тэр ордонд байснаараа амьдралаа авч явах чадвартай болсон. Энэ нь тэр ордны л буян шүү дээ. Инженеринг Монголд маш их хэрэгтэй. Бид инженергүйгээр яаж хөгжих юм бэ. Дандаа гаднаас хөлслөөд байж болохгүй шүү дээ.
-Залуу техникчдийн ордон өнөөг хүртэл зориулалтаараа үйл ажиллагаа явуулж байсан бол гэж бодогдож байна шүү, таны яриаг сонсоод?
-Монголд инженеринг сайн хөгжих байсан юм. Машин үйлдвэрлэх байсан ч юм билүү. Одоо гаднаас бүх тоног төхөөрөмжөө худалдаж авч байна. Гэтэл энэ тоног төхөөрөмжийг чинь хийх хүмүүс энэ ордноос төрөх байсан юм шүү дээ. Залуу техникчдийн ордонд явж байсан хүүхдүүд бүтээлч сэтгэлгээтэй болж хүмүүжиж чадсан. Хүүхдүүдэд яавал зөв, сайн хийх вэ гэдийг сэтгэдэг болж өгсөн. Хүмүүс зах зээлд орсноор л дизайн гэдгийг ярьдаг болсон юм шиг ойлгодог. Тийм биш, бид тэр үед л дизайн гэдгийг ярьдаг байсан юм. Манай Бэхбат багш тэрийг чинь техникийн гоозүй гээд Монголоор орчуулж хэлдэг байсан юм. “Гоё хийцтэй онгоц гоё ниснэ” гэж хүртэл ярьдаг байлаа. Инженерийн суурь мэдлэгийг суулгаад л байсан нь тэр. Тухайн үед манай ордон хамгийн цэвэрхэн нь байсан байх. Бид ордон руу орохдоо улавч өмсдөг байсан. Анастасия Ивановна ордны үйл ажиллагааг шалгахаар байнга ирнэ. Хамгийн түрүүнд бие засах газраар ордог байсан. Юмандаа эзэн шиг л ханддаг байсны жишээ энэ. Манай ордон чинь том номын сантай байсан. Техникийн чиглэлийн орос сэтгүүлүүдийг тэвхийтэл хураасан байдаг байж билээ.
-Одоо үйл ажиллагааг сэргээгээд зориулалтаар нь ажиллуулья гэвэл яах ёстой вэ?
-Төр засгийн бодлого л чухал. Зориулалтаар нь үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Багш нь, сурах хүсэлтэй залуус нь байна шүү дээ.
-Сургалт явуулах зориулалттай тоноглогдсон цехүүдийг устгасан гэлээ. Сэргээхэд хэчнээн төгрөг шаардлагатай бол?
-Тийм их хөрөнгө орохгүй. Механик цех гэхэд токарь, өрмийн машин, халуун зуух хэрэгтэй. Сургалтын тоног төхөөрөмж учраас үнэтэй биш. Нэг цех байгуулахад ойролцоогоор 20-30 мянган ам.доллар л хэрэгтэй байх болов уу.
-Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсанд танд баярлалаа. Удахгүй энэ сайхан ордон үйл ажиллагаагаа явуулж, хүүхэд багачууд дүүрсэн сайхан газар болох байх, тийм ээ?
-Харин тийм ээ. Тэрийг чинь л хүлээж байна шүү дээ. Тийм сайхан цаг ирээсэй.


Миний мэдэх Залуу техникчдийн ордон

Залуу техникчдийн ордны төгсөгчид  ийн ярьж байна.

Б.Ижилмөрөн: Одоо хажуугаар нь явахдаа айгаад харж чаддаггүй
-Үнэхээр дэндүү гоё ордон байжээ. Одоо хажуугаар нь явахдаа айгаад харж чаддаггүй юм. Тэгээд ч хашаан дотор нь тойруулаад байшингууд барьчихсан харагдахаа ч байсан байна билээ. Шунал гэдэг хүнийг оюун ухаангүй, ичиж зовох зүйлгүй болгочих юм даа л гэж бодогддог. Уг нь бүх зүйлийг цогцоор нь шийдсэн ордон байсан юм. Гэтэл орчин үеийн мөнгөний төлөө улайрсан хүмүүс үгүй хийж байна. Энэ бол М.Энхболдтой л холбоотой асуудал гэж боддог. М.Энхболд, Т.Бадамжунай нар нийлж байгаад газрыг үнэд оруулсны хор уршгаар Залуу техникчдийн ордон маань ийм байдалтай болсон. Одоо төр засаг, сайд солигдохоор үе үе чихэнд чимэгтэй яриа сонсогддог ч үр дүнд хүрэхгүй л байна. “Залуу техникчдийн ордныг буцааж зориулалтаар нь үйл ажиллагааг нь явуулах гэнэ” гээд л ярина. Энэ нь дандаа худал байдаг. Сургуулийн захирлыг нь солих, газрыг нь зарах гэдэг юм уу бүү мэд. Хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх энэ ордныг сэргээе гэсэн сэтгэлтэй хүн энэ төр засагт алга.

К.Батчулуун: Энэ бол хүүхдийн ирээдүйг боож байгаагийн л жишээ
-Ордны байшингийн цонхнуудыг хаагаад гурван талд нь байшин барьчихсан. Энэ бол хүүхдийн ирээдүйг боож байгаагийн л жишээ. Өнгөрсөн жил Солонгосын авто загвар зохион бүтээгч манай улсад ирсэн юм. Тэр хүнтэй уулзаад “Манайх 1975 оноос ийм загвар зохион бүтээж байлаа” гээд загваруудаа үзүүлэхэд “Биднийг дорой буурай байхад, танайхан хөгжсөн байсан юм биш үү” гэж гайхаж байсан. Би Залуу техникчдийн ордны байшинг үзүүлээд “Энэ байшинд загвар зохион бүтээгчдийг сургадаг байсан” гэхэд толгой сэгсрээд “Азид  байтугай Европт ийм бие даасан сургууль байдаггүй шүү дээ. Та нар ийм гайхамшигтай юмыг устгасан байна” гэсэн. Ингэлээ гээд хүүхдүүд л хохироод дууссан шүү дээ.

Эх сурвалж:  Б.Аззаяа

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш