logo
Тэргүүн шадар сайд Увсын наадамд оролцов

Тэргүүн шадар сайд Увсын наадамд оролцов

2011/08/02
Дөрвөн их ой давхацсан тоохт ойн наадмыг өөрийн болгосон Увсчууд аймгийнхаа 86 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадмыг өргөн дэлгэр хийжээ. Долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болж өнгөрсөн даншиг наадамд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нарын олон томчууд хүрэлцэн очжээ. Шинэхэн улсын аваргатай болсон Увсчуудын наадам олны анхаарлыг татахуйц үйл явдлаар дүүрэн болсон байна.
    Баруун бүсийн даншиг наадам, нутгийнхаа ойд шинэхэн аварга C.Мөнхбатаас эхлээд Дархан аварга Х.Баянмөнх, Улсын аварга О.Балжинням, улсын арслан Б.Ганбат зэрэг улсын цолтой бөхчүүд очиж, наадамчин олныг баясгасан байна. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй Увс нутгийн цөөнгүй улстөрч шинэхэн аваргатай болсондоо ихэд бэлгэшээсээр нутгийнхаа ойд очсон юм байна. ОХУ-ын Тува улсын Засгийн газрын төлөөлөгчид ирж, даншиг наадмыг үзэж сонирхсон бөгөөд Тува Улсын Засгийн газрын тэргүүн Хар-Ол Увсчуудад наадмын баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт Засгийн газрынхаа нэрийн өмнөөс дурсгалын зураг гардуулжээ.
    Наадмын үеэр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль хүртсэн хүмүүст шагналыг нь гардуулсан байна. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Б.Давааням, Д.Сорков, Алтангадас одонгоор Ч.Жамбал, Х.Сүхбаатар, Д.Гэндэн, Л.Сүх-Очир, Т.Цогооцэвээн, С.Алтанхундага, Ц.Норовпил, Б.Дамиран нар энгэрээ мялааж, хийсэн бүтээснээ үнэлүүлснээс гадна Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар зарим хүнийг шагнажээ.
Э.Болор
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш