Баасан гарагт Пхеньяны төв талбайд цэргүүд жагсаал хийж, удирдагчаа дэмжиж байгаагаа илэрхийллээ. 90 минутын турш үргэлжилсэн энэхүү жагсаалд цэргүүдээс гадна оюутнууд оролцсон бөгөөд тэд “Нэгдсэн улсын түрэмгийлэгчдийн төгсгөл”, “Нэгдсэн улсын түрэмгийлэгчдийг устга” хэмээн хашгиралдаж байсан юм. Энэ үеэр Хойд Солонгосын Ажилчдын Намын Пхеньян Хотын Коммиссын Ахлах Нарийн Бичгийн Дарга Мун Кёнг Док “Бид БНАСАУ-ын ард түмэн болон цэргийн армийн хатуу чанга хүсэл эрмэлзэлийг харуулах бодит цэргийн жагсаал хийж байна” хэмээн Солонгосын Ардын Армийн Дээд Тогтоолын Тунхагыг уншиж танилцууллаа. Мөн баасан гаригийн өглөө тус улсын төрийн мэдлийн телевизээр “Удирдагч Ким Чен Ун АНУ болон Өмнөд Солонгос руу цохилт хийхэд бэлэн байхыг цэргийн пуужингийн анги нэгтгэлүүддээ тушаахаар яаралтай хурал товолсон” талаар мэдээллэж байсан. АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилтын үеэр цөмийн цэнэг зөөх чадалтай, стратегийн B-2 бөмбөгдөгч онгоцыг ашигласнаас хэдэн цагийн дараа Ким Чен Ун энэ мэдэгдлийг хийсэн юм. Өмнө нь тэрээр АНУ-ыг өдөөн хатгалга хийвэл цөмийн цохилт өгнө гэж мэдэгдэж байсан. Тэгвэл тэрээр баасан гаригт түүний пужингийн хүч “АНУ-тай тооцоо бодоход бэлэн болсон” хэмээн дахин сүрдүүллээ. Хоёр Солонгосын харилцаа өнгөрсөн 2-р сард Пхеньян цөмийн бөмбөгийн газар доорх туршилт хийсний дараа эрс хурцадсан. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авсны дараа Хойд Солонгос 1953 онд байгуулсан гал зогсоох гэрээгээ хүчингүй болгосноо зарласан юм.
Д.Амарбаясгалан
Д.Амарбаясгалан