Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Нээлттэй шүүх” төслийн нээлтийн ёслол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болов. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа нарын албаны хүмүүс оролцлоо. Албаны хүмүүс тууз хайчилснаар анхны загвар нээлттэй шүүх иргэдэд үйлчлэхэд бэлэн болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа шүүхийг иргэдэд нээлттэй, ил тод болгохоо амлаж, улмаар Шүүхийн тухай багц хуулиудын төслийг санаачлан УИХ-аар батлуулсан юм. Үүний үр дүн болж анхны нээлттэй, загвар шүүх үүдээ нээлээ.
“Нээлттэй шүүх” төслийн хүрээндЗахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байрны нэгдүгээр давхрыг олон нийтэд шүүн таслах ажиллагааг таниулах нээлттэй орчин болгон тохижуулсан байна. Шүүх хуралдааны танхимууд зай багатай байдгаас тэр бүр олон хүн багтдаггүй. Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын үйл ажиллагааг иргэд Нээлттэй шүүхийн танхимд болон нэгдүгээр давхарт байрлуулсан дэлгэцүүдээр шууд ажиглаж болохоор тохижуулжээ. Шүүх хурлын үйл явцыг дуу, дүрсээр бичиж баталгаажуулахаас гадна архивлах тул өмнөх шүүх хурлын үйл ажиллагааг нөхөн үзэх, сонсох бололцоотой юм. Иргэд өөрөө өөртөө үйлчлэх мэдрэгч дэлгэцээс өмнөх мэдээллүүдийг дүрстэй харж болох юм байна. Бас өөрт хэрэгтэй шийдвэрийг хэвлэж авах боломж бүрдүүлжээ.
Шүүхээс гаргасан шийдвэрүүдээр цахим сан бүрдүүлж одоогийн байдлаар 54407 хэргийн 66890шийдвэр уг санд ороод байгааг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт танилцууллаа. Ямар хэрэг аль аймгийн шүүх дээр байгааг газрын зургаас бас харж болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны дөрөвдүгээр сард Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр санаачлан батлуулж шүүхийн ил тод, нээлтэй байдлыг гүнзгийрүүлэхэд чухал түлхэц өгснийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг хэлж байв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр Шүүхийн тухай багц хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулсан. “Нээлттэй шүүх” төсөл хэрэгжиж шүүх үйл ажиллагаа ил тод болж байгаа нь маш том гайхамшиг” гэлээ.
Шүүхийн үйл ажиллагаа ийнхүү ил тод болж байгаа нь шүүх болоншүүн таслах процесс, шийдвэрийн талаар иргэдийн зүгээс гардаг хардлагыг бууруулах, хүссэн хүн бүр шүүх хуралдааны явцыг ажиглах зэрэг чухал ач холбогдолтой болохыг оролцогчид хэлж байв.
Танхимд хөтөч ажиллаж иргэдэд туслах бөгөөд фейсбүүк, твиттер зэрэг нийтийн харилцааны хэрэгслүүдийг ч нээлттэй шүүхийн үйл ажиллагааг танилцуулахад ашиглах юм байна.
Нээлттэй шүүхийн хүлээлгийн танхимд “Иргэн таны эрх зүйн хөтөч” гэсэн ном байрлуулжээ. Иргэд тэндээс эрх зүйн талын мэдээ, мэдээлэл олж авч болох юм. Мөн Шүүхийн тухай багц хуулийн талаар цуврал видео мэдээллийг тогтмол явуулах аж.
Хэрэв хэргийн оролцогч шүүх хуралдаанаас хоцорсон, хүрэлцэн ирж амжаагүй тохиолдолд санаа зовох зүйлгүй болсон байна. Иргэд хурлын процесс, шүүх хурал хэрхэн явсан талаарх дуутай, дүрстэй мэдээллийг дэлгэцээс нөхөн үзэж болох юм. Бас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн веб сайтын “You Tube” сувгаас шүүхийн талаарх дүрстэй мэдээг үзэж сонирхох боломжийг бүрдүүлжээ.
Шүүхийн шийдвэрийн цахим сайт буюу www.Shuukh.mn сайтаар дамжуулан шүүх хуралдааны зар, анхан болон давж заалдах шатны шүүх, УДШ, дагнасан шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолтой танилцаж болох юм.
Нээлттэй шүүх нь Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдад шүүхийн сэдвээр танхимын бус сургалт хийхээр болж нээлтийн дараа анхны сургалтаа явууллаа.
Нээлтийн ёслолын үеэр зэргэлдээх танхимд болж байсан шүүх хуралдааныг дэлгэцээр шууд дамжуулж байсан юм.
Ийнхүү “Шүүх гэдэг нь хүнийг шүүх, яллахын тулд биш, харин хүний эр хийг хамгаалахын тулд, нийгмийн сайн сайхныг хамгаалахын тулд байгуулагдсан байгууллага гэдгийг ойлгох ёстой.
Шүүнэ, цагдана гэдэг хүнийг айлгах, үргээх бус, нийгмийн үйлчилгээний байгууллага. Шүүгч бол адилхан иргэн. Шүүх бол хүний амьдралын үргэжлэл” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүхийн шинэтгэлийн асуудлаар хэлж байсан үг амьдрал дээр биеллээ оллоо.