logo
Б.Гарамгайбаатар: Газар ашиглах гэдэг заалт Үндсэн хуульд байхгүй

Б.Гарамгайбаатар: Газар ашиглах гэдэг заалт Үндсэн хуульд байхгүй

2013/04/04
УИХ-ын Гишүүн, Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа

-Хаврын чуулган эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Эдийн засгийн байнгын хорооноос хаврын чуулганд ямар ямар хуулийн төслүүдийг өргөн барихаас бэлтгэж байна вэ?


-Эдийн засгийн байнгын хороо энэ удаагийн хаврын чуулганд Үнэт цаасны тухай хуулийг оруулахаар бэлтгэж байна. Энэ бол нэлээд том хууль. Үнэт цаасны зах зээл хуультай болно гэсэн үг. Мөн төрөөс баримтлах мөнгөний бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцыг сонсож УИХ-д оруулна. Бас Эдийн Засгийн байнгийн хороо Газрын тухай хуулийн эдийн засагтай холбогдсон асуудлууд дээр санал дүгнэлтүүдээ хүргүүлэхээр ажиллаж байна.

-Газрын тухай хууль бол нэлээд томоохон хүлээлт үүсгэж байгаа. Танай байнгын хорооноос энэ хууль дээр ямар саналууд хүргэхээр бэлтгэж байна вэ?


-Газартай холбоотой асуудлаар манай байнгын хорооноос баримтлах бодлого, санал дүгнэлтүүдийн талаар ярихад эрт байна. Одоогийн байдлаар газартай холбоотой хууль түүнийг дагалдаж гарах хуулиудын талаар л ярьж байгаа. Өргөн барьсан хуулийн хүрээнд эрдэмтэд болоод мэргэжлийн хүмүүсийн саналыг сонссож,  газартай холбогдож үүсдэг маргааныг шийдвэрлэдэг өмгөөлөл хуулийг байгууллагын асуудлууд дээр санал сэтгэгдэлийг нь сонслоо. Газрыг эзэмшүүлэх гэдэг нь үндсэн хуулийн заалт. Энэ заалтыг өөрчлөх зайлшгүй  нөхцөл бололцоо бий болж байна уу, үгүй юу гэдэг асуулт гарч байна. Яагаад гэхээр эдийн засгийн эргэлтэд оруулах, зарж борлуулах гэдэг тэр нөхцөл нь газраа тухайн эзэмшигчид хаалттай байгаа учраас Үндсэн хуульд өөрчлөлт орж байж энэ бүх эрх нээгдэнэ гэсэн ойлголтод хүрсэн. Одоогийн байдлын ашиглах гэдэг асуудал их яригддаг. Тэгэхээр ашиглах гэдэг заалт Үндсэн хуулинд байхгүй зөвхөн эзэмшүүлнэ гээд заасан байгаа.

-Иргэн хүн газрын эзэмшиж байгаа бол ашиглах эдийн засгийн эргэлтэд оруулах эрх нь нээлттэй байх ёстой гэсэн асуудал хөндөгдөж байна. Тэгэхээр үндсэн хуульд өөрчлөлт орж байж Газрын тухай хууль төгс утгаараа хэрэгжих нь ээ?


-Яг эдийн засгийн эргэлтэд оруулна гэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал шууд хөндөгдөнө. Тэгээгүй нөхцөлд эзэмшүүлэх гэдгээр явахаас өөр аргагүй. Эзэмшүүлэх гэдэг нь эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нь хомс гэсэн үг. Төрийн мэдлийн өмч хэвээрээ байна гэсэн үг. Удаан хугацаагаар тухайн байгууллага юмуу иргэнд эзэмшүүлж байгаа учраас тэр газрын зарж борлуулах эргэлтэд нь оруулах нь учир дутагдалтай. Тийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байна.

-Тэгэхээр одоогоор бол газраа эдийн засгийн эргэлтэд оруулах нь хаалттай гэсэн үг үү?


-Тэр боломж нь хаалттай. Тийм учраас манай иргэд газраа зарж борлуулах нь хүртэл хоройтой байна шүү дээ. Бид өнөөдөр газар зарж байна хувьчилж байна гэдэг яриа нь өөрөө буруу байна. Газар хувьчлах борлуулах асуудал хуулийн заалтууд дээр байхгүй байгаа.Үүнийг харин шинэчлэн найруулсан хуулийн заалтад оруулахын тул бид хаана ямар ямар хуулийн заалтууд дээр өөрчлөлт оруулж болох вэ гэдэг асуудлыг ярьж болно гэсэн үг.

-Яг энэ асуудалтай холбоотой гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих гэж байна. Энэхүү хөтөлбөрт зориулан гаргасан гэр хорооллыг дахин төлөвлөх журмаар бол тухайн төсөл хэрэгжих хэсгийн нийт иргэдийн 75 хувийн дэмжлэг авсан тохиолдолд үлдсэн 25 хувь дэмжихгүй байсан ч газрыг нь төр мэдэлдээ авна гэсэн байна лээ?


-Иргэдийн хурал ямар шийдвэр гарсныг би шууд хэлж чадахгүй байна. Гэхдээ тэр газрыг албадан чөлөөлөх хуулийг Засгийн газар татаад авчихсан. Тухайн газар дээр бүтээн байгуулалт хийж, орон байр барих гэж байгаа тэр компаниудын хийх асуудал. 75 хувь нь зөвшөөрлөө гэдэг үлдсэн 25 хувийн санал ямар байх гэдэг дээр жинхэнэ маргаан дагуулсан асуудал үүсээд явчихна. Цөөнх нь олонхийнхоо шийдвэрийг дагна гэсэн зарчим үйлчлэнэ гэсэн заалт шүү дээ. Тийм байхыг үгүйсгэх аргагүй ч бас л маргаантай асуудал. Тийм учраас ийм асуудалд төр оролцох нь сайн үр дүнтэй асуудал биш. Сая хотынхон чинь аж ахуйн нэгжүүдэд тендер зарлаад шалгаруулалт явуулсан. Тэр аж ахуйн нэгжүүд тухайн хороолол барьж байгуулах ажлуудаа иргэдэд сайн ойлгож таниулаад тэр газруудыг нь харилцан тохиролцсон үнээрээ худалдаж аваад тэр барилга байгууламжаа барих асуудал нь арай сонгодог хэлбэр. Бусад орнуудыг харж байхад Засгийн газрын зарласан тендерт эрх бүхий зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд тэр иргэдтэй харилцаа үүсгэдэг.

-“Чингис бонд”-ын хөрөнгөөр хийх ажлууд ямар шатандаа явж байгаа вэ. Бондын хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн ажил удаашралтай байна гэх хэсэг байна?


-Бондын зөвлөл хуралдаад асуудлуудыг шийдээд Засгийн газар уг шийдвэрийн дагуу хэд хэдэн шийдлүүдийг гаргаад хувиарлалт хийчихлээ. Тэгэхээр энэ ажлууд удаашралтай явж байна гэдэг нь хоёр талтай. Нэг харахад удаашралтай юм шиг боловч сайтар тооцоолж эдийн засгийн үндэслэлүүдийг харах ёстой. Тэр ч утгаараа Эдийн засгийн байнгын хороо чуулган эхлэнгүүт яг энэ асуудлаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас ямар шалгуур үзүүлэлтээр ямар ямар төслүүдийг хэрэгжүүлсэн вэ гэдэг мэдээллийг сонсоно. Үүний дараа бүх юм тодорхой болно.

-МАН-ын гишүүдийн зүгээс “Чингис бонд”-ын хүүд өдөрт  нэг цэцэрлэг барих мөнгө өгч байна гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа?


-Засгийн газраас үүнд тайлбар хийж байгаа. Бид тэр төсөв мөнгийг нь эдийн засгийн ямар ач холбогдолоор яаж, ямар байгууллагад өгч байна гэдгийг хуулийн хүрээнд мэдээлэл авах ёстой. Төсвийн байнгын хороо зардлын хяналтаа тавина. Эдийн засгийн байнгын хороо оновчтой мөн үү биш үү гэдэг дээр хяналт тавина.

Эх сурвалж: http://www.democrats.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш