logo
Манай улс Олон улсын хүүхдийн номын баярыг 9 дэх жилдээ тэмдэглэж байна

Манай улс Олон улсын хүүхдийн номын баярыг 9 дэх жилдээ тэмдэглэж байна

2013/04/04

Хүүхдийн номын ордонд нэрт зохиолч, Үлгэрийн хаан Х.К.Андерсений 208 насны төрсөн өдрийн ойг тэмдэглэж байна. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан 04 дүгээр сарын 2-ны өдрийг  Дэлхийн олон улс оронд Хүүхдийн Номын Баярын өдөр болгон тэмдэглэдэг юм. Түүний үлгэрүүд бий болсон цагаасаа эхлэн дэлхий дахинд түгэхдээ Дани улсын нэрийн хуудас болж чадсан бөгөөд Данийн ард түмэн өнөөг хүртэл “Үлгэрийн хаан”-аараа бахархаж байдаг юм. Түүний “Нугасны муухай дэгдээхэй”, “Чүдэнз худалдагч охин”, “Ямх охин”, “Эрэлхэг тугалган цэрэг”, “Цасан охин” зэрэг шидэт үлгэрүүдийг нь манай хүүхэд багачууд  амтархан уншиж байна.

Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага “Хүүхдийн Хөгжил Хамгаалал” Хөтөлбөр, Хүүхдийн Номын Ордон, Нийгмийн Түншлэлийн сүлжээ Төрийн Бус Байгууллагатай хамтран 2003 оноос эхлэн жил бүр уламжлал болгон Үлгэрийн хаан Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг тохиолдуулан номын өдрийг 9 дэх зохион байгуулж байна.  

Энэ нь Хүүхэд багачуудыг дэлхийн болон Монголын зохиолчдын бүтээлүүдтэй танилцуулж, тэднийг номтой нөхөрлүүлэн, өв тэгш хүмүүжилтэй болгоход нөлөөлөх зорилго юм.  

Олон улсын хүүхдийн Номын баярын арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд энэ удаагийн номын баяраар Хүүхдийн Номын Ордны зөөврийн Хүүхэлдэйн театрын нээлт болж А.С.Пушкины “Алтан загас”-ны үлгэр зохиолыг хүүхэд багачууд, хурсан олонд тоглож сонирхуулсан.

Мөн энэ өдөр ССАЖ-ын сайд М.Түмэнжаргал номын баярын арга хэмжээг нээн үг хэлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Гэгээрэл хөгжлийн төвийн есдүгээр ангийн сурагч Б.Алдраа, М.Отгонжаргал нарт тэргүүний уншигч “Д.Нацагдорж тэмдэгтэн” –ийг гардуулан өгсөн юм.


Энэ жилийн номын баярын өдрийг угтаж:

-       Монгол ардын үлгэр, Монголын хүүхдийн зохиолчдын сэдэвлэсэн “Номын баатрууд амилсан нь” жүжигчилсэн тоглолтын уралдааныг 3 үе шаттай зарлаж 2013 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Хүүхдийн Номын ордонд 3-р шатны шалгаруулалтаа дүгнэлээ.

-       Тус уралдаанд ДЗМОУБ-ын Налайх-2, Толгойт, Баянхошуу, ОНХХөтөлбөрт харъяалагддаг 18 сургуулийн 32 баг, мөн БЗД-ийн Гэгээрэл хөгжлийн төвийн хүүхдүүд, Хүүхдийн Хөгжил Хамгааллын хөтөлбөрийн Гэрэлт-Өргөө төвийн нийт 1000 гаруй хүүхэд идэвхтэй оролцож 3-р шатны шалгаруулалтад 5 багийн 36 хүүхэд оролцож өөрсдийн авъяас чадвараа сойж, СБД-ийн 71-р сургуулийн “Зохиолын баатрууд амилсан нь” сэдэвчилсэн тоглолтоороо тэргүүн байр эзэлсэн юм.  

-       Энэ жилийн уралдааны онцлог нь Монгол улсад Олон улсын хүүхдийн номын баярын өдрийг тэмдэглэж эхэлсний болон Хүүхдийн Номын ордны 10 жилийн ой болж байгаагаараа онцлогтой юм. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш