logo
Хойд Солонгос өмнөдийн ажилчдыг үйлдвэрийн бүсэд нэвтрүүлсэнгүй

Хойд Солонгос өмнөдийн ажилчдыг үйлдвэрийн бүсэд нэвтрүүлсэнгүй

2013/04/04
Лхагва гаригт Хойд Солонгос Өмнөд Солонгосын ажилчдыг хоёр улсын хамтарсан аж үйлдвэрийн Кэсон бүс рүү оруулахыг хориглосон талаар албаныхан мэдэгдлээ. Мөн тус бүсэд байсан Өмнөд Солонгосын ажилчдыг гэрт нь харихыг зөвшөөрсөн байна. Албаныхны мэдээлж байгаагаар Лхагва гаригийн өглөө Өмнөд Солонгосын 480 орчим ажилчид үйлдвэрийн парк руу нэвтрэх гэсэн боловч тэднийг дотогш орохыг зөвшөөрсөнгүй. “Өмнөд Солонгосын ажилчдыг аж үйлдвэрийн бүс рүү орохыг хориглосон нь хоёр улсын харилцаа хурцадсантай холбоотой” хэмээн албаныхан мэдээлж байлаа. Солонгосын хойгийн ойролцоо байдаг Кэсон аж үйлдвэрийн парк анх 2004 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Өмнөд Солонгосын 120 орчим үйлдвэр байдаг байна. Кэсон үйлдвэрийн цогцолборт Хойд Солонгосын 53 мянга,  Өмнөд Солонгосын 860 гаруй ажилчид ажилладаг. Ажиллах хүчийг хямд, бага зардлаар хөлсөлдөг энэхүү аж үйлдвэрийн парк өнгөрсөн жилийн байдлаар 470 сая америк долларын бараа бүтээдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн тооцоо гарчээ. Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын ажилчдыг чухам ямар шалтгааны улмаас тус бүс нутагт нэвтрэхийг хориглож, саатуулсан талаар Хойд Солонгосын зүгээс ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хийгээгүй байна. Хоёр улсын журмын дагуу бол хэрэв ажилчдыг саатуулах ямар нэгэн шалтгаан гарсан бол Хойд Солонгос утсаар мэдээлэх ёстой байжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаагаар 3-р сарын 27-нд  Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу холбогддог шууд утасны шугамд гэмтэл гарсан учраас ямар нэгэн мэдээлэл өгч чадаагүй байж болзошгүй хэмээн таамаглаж байна.  Хойд Солонгосын зүгээс өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос болоод АНУ-ын эсрэг дайны цэрэгжилтийн бэлэн байдал зарласан тухай мэдэгдсэнээс хойш Солонгосын хойгт түгшүүртэй байдал бий болсон. Түүнчлэн мягмар гаригт Хойд Солонгос АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн бэлтгэл суруулилтыг эсэргүүцэн  Йонбён дахь цөмийн цогцолборын үйл ажиллагаагаа дахин сэргээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.


Д.Амар

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш