Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/347 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг 05 сарын 1-2-ны өдрүүдэд, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 05 сарын 03-наас 05-ны өдрүүдэд дүүрэг бүрд байгуулагдах Цэрэг татлагын товчоо зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулах “Цэрэг татлагын товчоо ”-ны даргаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах бөгөөд цэрэг татлагын ажлыг байнгын удирдлагаар хангаж ажиллах юм. Цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах үеэр цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтад хамруулах ажлыг дүүргийн Засаг дарга нар хэрэгжүүлэх бол цэрэгт татагчдад эрүүл мэндийн үзлэг явуулах байр, нарийн мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгааг өгөн, мэргэжлийн удирдлага, эм эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангах, цэрэг татлагын байрыг бэлтгэх ажлыг дүүргүүдийн Цэрэг татлагын товчоо зохион байгуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.