logo
Хөршийн маань зарлаагүй дайн /хошин өгүүллэг/

Хөршийн маань зарлаагүй дайн /хошин өгүүллэг/

2013/04/04
Хөрштэйгээ анх юунаас болж муудалцсанаа би олон удаа шатрын бодлого бодож байгаа мэт тархиа гашилгасаны эцэст бага сагаар ойлгож эхэллээ. Хэсгийн цагдаагийн газар хөрш эзэгтэйгийн гомдлын мөрөөр намайг дуудах болгонд толгойны үс зараа шиг босоод юу гэж “залсан” байгаа бол гэж бодохоос хуруу гар минь тогонд цохиулсан мэт салгалж, нурууны хүйтэн хөлс ууранд суусан юм шиг цутгадаг болов.

Эхний удаа цагдаа дээр “Химийн зэвсэг” хэрэглэсэн хэргээр очлоо. Юуных нь химийн зэвсэг байх вэ дээ жоомны хор гэртээ цацтал, хөрш авгайн харшил хөдлөөд намайг чадах гэж цагдаад гомдол гаргажээ. Харин манайхаас “дүрвэсэн” жоомнууд хөршийнд нүүцгээж, тэднийхийг ёстой эзлэн түрэмгийлж өгсөн дөө. ”Ододын дайн” гэдэг шиг жинхэнэ “Жоомны дайн” болов. Өөрөө хороо аваад жоомоо устгаж чадахгүй, хүн жоомны устгал хийхээр барьцаад өмдөндөө шээх шахсан шар чинжүү шиг авгай улаан чинжүү шиг болчихоод “Манай хажуугийн таван тоотын айл янз бүрийн химийн бодис хэрэглэдэгийн улмаас иргэн миний харшил өвчин сэдэрч, өндөр үнээр гадаадаас эм тариа авчирч хэрэглэсэнээс гадна уг айлаас дайжин ирсэн жоом бясаануудаас болж гэр оронд маань аюулт халдварт өвчин үүсэх нөхцөл бүрдлээ. Халдварын голомтонд аж төрж байгаа иргэн миний хүсэлтийг харгалзан үзэж, эм тариа болон цэвэрлэгээ хийхэд зарцуулах ариун цэврийн бодис хэрэглэл, жоом устгах хорны мөнгийг иргэн …..р гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү?” гээд өргөдөл бичжээ.

Би нэг хэдэрлэх гэснээ хэсгийн байцаагчийн “Ганц бие, ядарсан,өвчин эмгэгтэй, настай хүнийг та зөнгөөр нь орхиод хүссэн юмыг нь биелүүлэхэд тан шиг гайгүй цалин хөлстэй боломжийн алба хашдаг хүнд юухан байх вэ” гэсэн үгэнд толгойгоо “угаалгаад” төлбөр төлөв. Хэдэн хоног тэднийхээс хор үнэртэж, бясаа, жоомнууд нь шатаар нэг тарж харайлгав…Сарын дараа хэсгийн цагдаа нар дуут дохиогоо орилуулан давхин орж ирсэнээ намайг шууд гавлаад “Танай тагтан дээр хүний цогцос хадгалж байна” гэсэн мэдээллийн мөрөөр танайхыг шалгаж байна гэдэг байгаа…Учир юу вэ гэвэл хөдөөнөөс ирсэн хамаатангийн хүн хонины гулууз мах өгсөнийг нь янзалж амжилгүй ажилдаа явахдаа ялаа шумуул шавна гээд сийрсэн шуудайнд хийгээд амыг нь уяад тагтан дээрээ тавьсан байсаныг хөрш эзэгтэй харчихаад цагдаад дуудлага өгсөн байж билээ.

Намайг бага байхад манай хороонд цагдан сэргийлэхэд туслах бригадын гишүүд гээд хүний ул шагайсан,үг яриа чагнасан иймэрхүү авгай, эмээнүүд байдагсан. Нацист германы үед эдний нэг тэрэгний дугуйнууд  “харгисууд”-ыг эсэргүүцэгч нарт их гай болсон гэж сонссон. Ногоон малгайтны үед төрсөн хүмүүс цаанаасаа цаг үеийн шалгарлаараа ийм болчихдог юм уу?…Герман,Австри болон Швейцарын дойчоор ярьдаг кантонуудад одоо ч гэсэн гестапийн мэдээлэгч болохоор камерэн нүдтэй , диктафон чихтэй, ихэвчлэн авгайчууд голдуу хүмүүс одоо ч гэсэн, гэрлээ унтраагаад харанхуй өрөөнийхөө цонхоор  ширтэж байдаг гэж ярьдаг юм билээ.

За энэ ч яахав иргэний үүргээ биелүүлсэн гэж бодохоос…Тэгтэл нэг өдөр хэсгийн цагдаагийн хэгжүүн байцаагч хоёр цагдаа дагуулан галтай шуугин орж ирлээ. Хөрш маань “таван тоотынх өдөр шөнөгүй юм нүдэж түжигнүүлээд амар тайван байлгахгүй байна. Орон сууцны байранд хувийн үйлдвэрлэл явуулаад байна ”гэж“ матжээ”. Хэсгийн байцаагч гэгч дүрэмт хувцасгүй бол хогийн атаман байж мэдэх дээрэлхүү нөхөр,

-Үйлдвэрлэлийн зэвсэгээ гаргаад ир. Байрны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн байранд үйлдвэрлэл явуулж байгаад чинь торгуулийн арга хэмжээ өгнө гэж шогтлоо. Хэд хоног амрахдаа зуслангаас  түүсэн үхэр гоньдоо алхаар нүдэж уутанд савалж бэлтгэсэн ухаантай юм. Гэтэл энэ маань нийтийн орон сууцны эзэмшилд хориотой гэрийн үйлдвэрлэл явуулсан гэдэг яланд унадаг байгаа. Үйлдвэрлэлийн зэвсэг болох алх,төмөр гүцийг минь хураагаад авчихлаа. Цагаан сарын буузандаа хийх гэж бэлтгэсэн ууттай гоньдыг минь хэмжээ нь бага гэж голоод орхиод явав…Ийм л ааш муутай, хүний муу үздэг хөрштэй зовж явна даа би.

Үг хэлэх юм бол шууд гүтгээд хүн амины хэрэгт заналхийлсэн болж таарах тул би түүнтэй шатан дээр тааралдах бүрдээ харцаа буулгаж, хэлээ тас хаздаг юм. Муухай харж ч болохгүй,садангийн хүн нас барсан ч дэргэдүүр нь инээгээд л зөрөх хэрэгтэй болох аж. Зөрөхөдөө бас “хүчирхийлж болзошгүй” зайнаас  хол явахгүй бол хэсгийн цагдаагийн хүлээлгийн өрөөний хананд наасан усны хувцастай бүсгүйн зургийг ”дурлатлаа” ширтэж мөрөөдөх хэрэг гарна шүү. Дэлгүүрт тааралдах бүртээ би түүнд хүссэн хүсээгүй “ байраа” сайн дураараа “хандивладаг” увайгүй заль ч сурлаа.

Тэглээ гээд ч түүний явуулга дуусахгүй аж. Хэсгийн байцаагч хорт утааны баг өмсчихсөн нэг өдөр шуугиулаад ороод ирлээ. Тэгсэн яасан гээч. Хөрш авгай маань миний хогийн бункерт хаясан хогтой уутнаас хагалсан халуун сав олоод “Мөнгөн ус оллоо. Таван тоот гэртээ цөмийн туршлага хийж байна” гэж хэсгийн цагдаа дээр давхиад  оччихсон байгаа юм. Сүүлийн үед би энэ байдлаас болж галзуугийн эмнэлэгт очих бол уу гэж өөрөөсөө эмээдэг боллоо. Галзуу солиотой хүн харахаар үүнтэй би нэг өрөөнд хэвтвэл яана гэж  өөрийн эрхгүй бодоод байдаг болов. Ер нь тэгээд “өвчтэй” хүний хар энергид ойр байвал Шар хаданд дуудлага өгөх энүүхэнд байлаа. Санаагаар унаад тамхи сорж эхэллээ.

Хөршдөө харагдахгүй гэж цонхны хөшгөө хааж байгаад татна. Харвал юу гэж хэлэх бол доо. Хар тамхи татдаг гэж гөрнө. Гай болоод гал гарвал “Өө, таван тоот шатаачихлаа” гээд гүйх хүн шүү дээ. Эцэст нь өөр газар нүүхээр шийдээд байрны зар уншиж байна. Тэгэхгүй бол хөрш” өвчтэй” авгай нэг өдөр бие засах өрөөндөө чангахан хий гаргах юм бол “Энэ террорист нөхөр байшин дэлбэлэх гэж байна” гээд гомдол бариад хэсгийн цагдаа руу гүйж мэднэ шүү.

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш