logo
НГХУСТ-ийн тэргүүн Б.Цэрэндорж: Бидний тавьсан шаардлагыг УИХ, Засгийн газар хүлээж авна гэж итгэж байна

НГХУСТ-ийн тэргүүн Б.Цэрэндорж: Бидний тавьсан шаардлагыг УИХ, Засгийн газар хүлээж авна гэж итгэж байна

2013/04/04
Өнөөдөр МҮОНТ-ын хэвлэлийн танхимд Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Оюу толгойн удирдах зөвлөлд монголчуудыг төлөөлөн суугаа эрхмүүдийн талаар мэдээлэл хийсэн. Тус мэдээллээрээ Оюу толгойн Удирдах зөвлөлд монголын талаас төлөөлөн суугаа П.Очирбат, Н.Багабанди, П.Цагаан, Ч.Ганболд нарыг монголчуудын эрх ашгийг хамгаалж чадахгүй байгааг илэрхийлсэн. Тиймээс тэд УИХ болон Засгийн газарт тэднийг эргүүлэн татах талаар шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар НГХУСТ-ийн тэргүүн Б.Цэрэндоржоос тодрууллаа.
-Та бүхний хөндөж байгаа асуудал нэр бүхий дөрвөн хүнийг эргүүлэн татах тухай гэж ойлголоо. Үндэслэлээ тайлбарлаач?
-Үндэслэл нь маш тодорхой. Оюу толгойн гэрээ монголын ард түмэнд ямар ч ашиггүй гэдэг нь хөдөлшгүй баримтуудаар тогтоогдсон. Захын эмгэнээс асуусан ч энэ талаар хэлээд өгөх хэмжээнд мэдээлэлтэй болсон байна. Үүнийг ганц иргэд ч яриад байгаа юм биш, өнөөдрийн төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс ч барим тавин хэлээд байгаа. Үнэхээр ашиггүй болсон гэрээ юм бол монголчуудыг төлөөлж байгаа хүмүүс яагаад үнэтэй үгээ хэлж, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалаагүй юм бэ. Тэр тусмаа хоёр ч хүн нь манай улсын төрийн тэргүүн байсан гээд бод л доо. Сард авдаг хэдэн төгрөгийнхөө төлөө тэнд удирдах зөвлөлд суугаа юм бол бид байлгах ямар шаардлагатай юм. Ард нь улс орны бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын асуудал хөндөгдөөд байхад хувийн эрх ашгийн төлөө тэднийг бид суулгах тийм эрх ч байхгүй.
Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг улс орны язгуур эрх ашгийн орой дээр байдаг хүн. Магадгүй төрийн өндөр албан тушаалтан ч мэдэхгүй хар хайрцагны нарийн нандин мэдээллийг толгой тархиндаа тээж яваа. Зөвхөн Ерөнхийлөгч мэдэх ёстой тийм мэдээллийг тээж яваа хүн. Ийм хүн өнөөдөр гадны нэг компанийн эрх ашгийн төлөө төлөөлөн удирдах зөвлөлд ажиллана гэдэг өөрөө хамгийн том эмгэнэл. Нөгөө ард түмэн итгэж сонгосон Ерөнхийлөгч маань суудлаасаа буунгуутаа гадныхантай сүлбэлдээд улс орон, ард түмнийхээ эсрэг ажиллагаа хийгээд явна гэдэг манайхаас өөр хаана ч байхгүй явдал. Тиймээс бид тэднийг Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд байх ёсгүйгээр барахгүй эрхгүй гэдгийг хэлсэн.
-Энэ мэдэгдлийнхээ дагуу шаардлагыг та бүхэн УИХ, Засгийн газарт хүргүүлнэ гэсэн. Хэрэв тэд авч хэлэлцэхгүй бол яах вэ?
-Бид УИХ болоод Засгийн газарт эдгээр дөрвөн хүнийг эргүүлэн татаач ээ гэдэг хүсэлтийг л тавина. Эдгээр хүмүүс бол төлөөлөн удирдах зөвлөлд ард түмнээ төлөөлж чадахгүй юм байна, байх ёсгүй юм байна гэдэг үндэслэлээр бид шаардлагаа хүргүүлнэ. Хэрэв хүлээж авахгүй гэвэл нийт ард түмнээсээ асууя. Иргэдийн дунд санал асуулга явуулж, гарын үсэг цуглуулна. Өнөөдөр өндөр албан тушаалтны хэлсэн үг, гаргасан шийдвэр хэрэгжиж байдаг, ард түмнийх болохоор адаг сүүлд нь сонсогдох үгүйтэй байгаад юу ч болдоггүй байж болохгүй. Төрийн оршин тогтнох үндэс нь ард түмэн, газар нутаг. Гэтэл газар шороогоо ард түмнээсээ асуухгүйгээр, тэдний санаа бодолд нийцүүлэхгүйгээр гадныханд найр тавьж байвал тэрийг төр биш төр болж тоглож байгаа олигарх л гэж хэлэх ёстой. Газар, түүний хэвлий дэх баялаг ард түмний өмч гэж зааснаас биш тоотой хэдхэн хүнийх гэж хаана ч заагаагүй юм шүү. Өнөөдөр яригдаад байгаа Оюу толгой мэтийн байгалийн баялаг бол ард түмний өмч. Түүнээс биш УИХ, Засгийн газрынх биш. Тэнд байгаа хэдэн хүний компанийн өмч биш. Тиймээс эцсийн шийдвэрийг өнөөгийг төр засаг ард түмнээсээ асууж, тэдний санаа бодолд тулгуурлан гаргах ёстой. Энэ утгаараа бидний тавьсан шаардлагыг УИХ, Засгийн газар хүлээж авна гэж итгэж байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш