Улсын Филармонид хөл хөдөлгөөн ихтэй өнжлөө. Симфони найрал хөгжмийнхөн шинэхэн үлээвэр хөгжмийн зэмсгүүд хүлээн авч зочид гийчид олонтой байв. Монгол Улсын Засгийн газар “Сонгодог урлаг-II” хөтөлбөргарган мэргэжлийн урлагийн байгууллагуудын хөгжмийн зэмсгийг шинэчлэх ажлыг хийж байгаа юм.
Хэд хоногийн өмнө уг хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Филармонийн хооронд санамж бичиг үйлдэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн нар гарын үсэг зурсан юм.Санамж бичгийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Улсын филармонид япончуудаас бэлэглэсэн үлээвэр хөгжмийн зэмсгүүдийг хүлээлгэн өгөв.
Ардчилалд дөнгөж хөл тавьж, эдийн засгийн хувьд хүндхэн байсан үеэс хойш өдийг хүртэл монголчуудыг зээл, тусламж, хөрөнгө оруулалтаар таслаагүй орон бол Япон. Японы Шизуока мужийн ард иргэдэнэ удаа монголчуудад дахин бэлэг илгээжээ. Бэрхшээлтэй байсан цагт гурил будаа хандивлаж, ерөнхий боловсролын дунд сургуулиудад өргөтгөл барьж өгч байсан япончуудаас энэ удаа огт өөр бэлэг ирүүлсэн байна. Шизуока мужийнхан Монгол Улсын сонгодог урлагт хандив өргөж үлээвэр хөгжмийн зэмсгүүд ирүүлсэн юм. Флет, кларнет, басс-кларнет, труба, тромбон, волтурн зэрэг зургаан төрлийн хөгжмийн зэмсэг Улсын Филармонид гардуулсан бэлгийн тоонд багтжээ.
Улсын Филармони Японы иргэдээс хандивласан хөгжмүүдийг хүлээж аваад хуучин хэрэглэж байсан тухайн нэр төрлийн хөгжмүүдээ Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт шилжүүлэн хүлээлгэж өгөхөөр боллоо. Хөгжмүүдийг Дорнод аймагт хүргэж өгөх тээврийн зардлыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцахаар болжээ.
Хөгжмийн зэмсгүүдийг Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн, удирдаач Н.Бүтэнбаяр нарт болон Симфони найрал хөгжмийн хамт олонд хүлээлгэн өгөх үеэрМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр их сайхан өдөр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 онд Япон улсад айлчилсан. Япон улс Монгол Улсын Ерөнхийлөгчийг өндөр хэмжээнд хүлээн авч парламентдаа үг хэлүүлж байсан. Хэдхэн хоногийн өмнө Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монголд айлчлаад явлаа. Хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж шинэчлэгдэж байна.
Зах зээлд шилжих хүнд хэцүү нөхцөлд монголчуудад хамгийн их тусалж гараа сунгасан ард түмэн бол Японы ард түмэн, Японы Засгийн газар. Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2010 онд Японд төрийн айлчлал хийх үеэр Шизуока мужийн ард иргэд Монголын театрын байгууллагуудын хөгжмийн зэмсгийг шинэчилж өгөхөөр өөрсдийн санаачлагаар хандив, мөнгө цуглуулж байсан. Өнөөдөр тэдний хандивласан модон болон гуулин үлээвэр хөгжмийн зэмсгийг Улсын Филармонид гардуулан өгч байна.
Хөгжмийн зэмсэг, дуу, хөгжим, нот бол ямар нэг хэл, хил хязгаараас үл хамааран нийтийг сонирхуулж байдаг хүн төрөлхтөний соёлын онцгой өвөрмөц үнэт зүйл юм. Эдгээр хөгжмийн зэмсгийг Монгол Улс, Монголын ард түмэнд хандивласан Шизуока мужийн ард иргэдэд талархал илэрхийлье. Шинэ хөгжмийн зэмсэгтэй болсон Улсын Филармони урьд урьдынхаасаа илүү ихээр сонгодог хөгжмийн аялгуугаар монголчуудынхаа сонорыг мялааж байхын ерөөл дэвшүүлье.
Энэ ялдамд урьд нь хэрэглэж байсан хөгжмийн зэмсгүүдийг Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт хандивлахаар болж байгаа. Сайн цаг ирж байна. Та бүхэнд баярлалаа. Монголчуудынхаа сонорыг мялааж, олон улсад өрсөлдөх хэмжээнд ажиллаарай. Монгол Улсын Филармонийн тоглолтыг үзэх гэж гадна дотнын хүмүүс олноор ирдэг болохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэлээ.
Японы Засгийн газрын тусламжтайгаар анх 1987 онд Улсын ФилармонийнСимфони найрал хөгжмийг бүрэн шинэчилж өгч байжээ. Түүнээс хойш Японоос гурав дахь удаагийн тусламжаа хүлээж авч байгааг Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн онцлон хэлж байлаа. Япончууд 1990 онд рояль хөгжмүүд бэлэглэж байсан байна.
“Олон хүүхэдтэй айлын том хүүхдийн хувцас багадахаар дараагийнх нь дүүд шилжүүлдэг шиг Улсын Филармонийн үе үеийн хөгжимчдийн хэрэглэж ирсэн, сайхан энерги, авъяас шингэсэн хөгжмүүдийг Дорнод аймгийн театрт бүрэн бүтнээр нь шилжүүлж байна. Нэг нэгээ нөхөж дэмждэг сайхан уламжлал тогтож байна. Энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж байгаа юм” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан сэтгүүлчдэд хэллээ.
Шинэхэн хөгжмийн зэмсгүүд хүлээж авсан Монгол Улсын Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хамт олон ёслолд оролцогсдод зориулан сонгодог хөгжмийн ая эгшиг өргөлөө.