logo
Стратегийн ач холбогдолтой салбарын эрх зүйн өөрчлөлтийг хөрөнгө оруулагчид хүлээж байна

Стратегийн ач холбогдолтой салбарын эрх зүйн өөрчлөлтийг хөрөнгө оруулагчид хүлээж байна

2013/04/05
УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын Худалдааны нарийн бичгийн даргын орлогч Франциско Ж.Санчесийг өнөөдөр /2013.04.04/  хүлээн авч уулзлаа.

  Уулзалтын эхэнд парламентын тэргүүн АНУ-д саяхан айлчлахдаа Худалдааны яамны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн гуравдагч хөрш АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагаа дурдаад  худалдааг тэнцвэржүүлэх, манай улсын экспортын нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмалын баялаг болон уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Америкийн техник, технологиос суралцах хүсэлтэй гэдгээ хэллээ.  

   Ноён Франциско Ж.Санчес хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тэр дундаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий салбар дахь эрх зүйн таатай өөрчлөлтүүдийг гадаадын хөрөнгө оруулагчид хүлээж байгааг мэдэгдлээ гэж УИХ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш