logo
Зүүн хойд Азийн бүсийн ээлжит хурал болно

Зүүн хойд Азийн бүсийн ээлжит хурал болно

2013/04/05

Эрчим хүчний салбарт хамтран ажиллах Зүүн хойд Азийн орнуудын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизмын Экспертийн болон ахлах албан тушаалтны хорооны ээлжит VIII хуралдаан 2013 оны дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно.  

Зүүн хойд Азид эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих, түүнд учирч буй хүндрэл бэрхшээлийг багасгах, харилцан ашигтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж 2005 оны арваннэгдүгээр сард Эрчим хүчний салбарт хамтран ажиллах Зүүн хойд Азийн Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны механизмыг Монгол Улс, ОХУ, БНСУ, БНАСАУ-ын зүгээс санаачлан үүсгэн байгуулсан юм. 

Хамтын ажиллагааны энэ механизмын хэтийн зорилго нь “Эрчим хүчний тогтвортой хамтын ажиллагааг өрнүүлэх замаар 2020 оны түвшинд  Зүүн хойд Азид эрчим хүчний аюулгүй байдлыг дээшлүүлэх” орших бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавиад байна:

·         Зүүн хойд Азийн бүс нутагт эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх замаар бүсийн гаднаас импортлох эрчим хүчний хамаарлыг бууруулах;

·         Эрчим хүчний хангамж болон эцсийн хэрэглээний үр ашиг, эдийн засгийн байдлыг төгөлдөржүүлэх;

·         Эрчим хүчний үйлдвэрлэлийн харьцааг сайжруулах болон үр ашгийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах.

Одоогоор уг механизмын үндсэн гишүүнээр Монгол Улс, ОХУ, БНСУ, ажиглагч гишүүнээр БНХАУ, Япон улсууд ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг нийгмийн комисс нь уг механизмын Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэж байна.  Харин тус механизмын шийдвэр гаргах, удирдах байгууллага нь Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны Ахлах албан тушаалтнуудын хороо бөгөөд түүний үүрэг нь хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлох, төсвийг нь батлах, шаардлагатай санхүүжилтийг олох, хэрэгжилтийг хянах, механизмын үйл ажиллагааны менежментийг  хянан шалгахад оршино.   Түүнчлэн Хороо нь бодлогын удирдамжаар хангах, ажлын хэсгүүдийг байгуулах, шаардлагатай тохиолдолд нарийн бичгийн дарга нарын газрыг удирдах үүрэгтэй.  Хороонд гишүүн орон бүрээс тус бүр нэг гишүүн орох бөгөөд шийдвэрийг 100 хувийн саналаар баталдаг. Хороог хуралдааныг зохион байгуулж буй орны гишүүн удирддаг.

Эрчим хүчний салбарт хамтран ажиллах Зүүн хойд Азийн Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны механизмынүйл ажиллагаанд уг санаачлагыг анх байгуулагдсанаас эхлэн Монгол улс идэвхтэй хамтран ажиллаж ирлээ.  Манай улс экспертүүдийн болон ажлын хэсгүүдийн уулзалтуудад оролцож, уг механизмын хүрээнд хийгдэж буй судалгаанд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш