Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эхлүүлсэн “Өглөөний шинэ санаа” уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нар оролцоод байгаа юм.
Баасан гариг бүрийн өглөө 8.20-10.00 хүртэл үргэлжилдэг, www.zasag.mn сайтаар цахим хэрэглэгчдэд, МҮОНР-гийн 100,9 долгионоор нийслэлийн сонсогчдод шууд хүрдэг энэхүү уламжлалт уулзалтад өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, цахим ертөнцийнхний асуултад хариулж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа, хийхээр төлөвлөсөн ажлийн талаар сайд мөн танилцууллаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн хоёрдугаар сард эрүүл мэндийн салбарт анхаарч ажилласны дүнд эмч, сувилагч нарын цалинг хийснээр олгодог болох зэрэг олон ажлыг эхлүүлсэн, энэ онд багтаан хэрэгжүүлж эхэлнэ.
2005 онд 45 мянган эх амаржиж байсан бол өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдсэн. Ийм байхад нэг ч төрөх эмнэлэг, эх барихийн эмч, сувилагчдын тоо нэмэгдээгүй гэдгийг сайд хэлээд энэ хоцрогдлыг арилгахын төлөө ажиллаж байгаа, энэ жилээс үр дүн гарна гэдгийг дурдлаа. Манай улсад баригдаж буй 35 эмнэлгийн барилга байна. Түлэнхийн төв зэрэг 10 гаруй эмнэлгийг энэ жил барих юм.
Цахим ертөнцийнхөн эрчүүдийн эрүүл мэндийн асуудал хоцрогдож байгааг олон удаа хөндлөө. Эрүүл мэндийн сайд энэ асуултад хариулахдаа “Манай салбарын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажилладаг энэ хүмүүсийнхээ гэр бүлийнхнийг үзлэг оношилгоонд хамруулах ажлыг хийнэ. Мөн “Эрчүүдийн эрүүл мэндийн хөтөлбөр” гаргаж хэрэгжүүлнэ” гэлээ.
Амбулаторийн үзлэгт жилд давхардсан тоогоор 17 сая хүн үзүүлж, 700 мянган иргэн эмнэлэгт хэвтэд эмчлүүлдэг байна. Эмчлүүлэгч нарын зүгээс эмч ажилтнуудын зан харилцааны соёл дутмаг байгаа талаар гомдол олон ирдэг. Эмнэлэгт үзүүлж, үйлчлүүлээд гарахдаа сэтгэл ханамжтай буцдаг байхад эрүүл мэндийн шинэчлэлийн үр оршино гэж Н.Удвал сайд хэлж байлаа.
Энэ удаагийн цахим уулзалтад 2000 гаруй хүн оролцож, санал бодлоо хэлж, асуултдаа хариулт авлаа. Бүрэн бичлэгийг www.zasag.mn толилууж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.