logo
OССК-ийн  Удирдлагын хэлтсийн дарга Г.Доржпалам: Зургаан хувийн хүүтэй зээлээ олгохгүй байгаа Засгийн газрыг шахах ёстой

OССК-ийн Удирдлагын хэлтсийн дарга Г.Доржпалам: Зургаан хувийн хүүтэй зээлээ олгохгүй байгаа Засгийн газрыг шахах ёстой

2011/08/03
OССК-ийн  Удирдлагын хэлтсийн дарга Г.Доржпаламтай бага дунд орлоготой иргэдэд олгох орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн талаар ярилцлаа.
-Зургаан хувийн зээлээр олгох орон сууцны асуудал ямар шатанд явагдаж байна вэ?
-Ард түмэн номхон хүлцэнгүй байна. Миний бодлоор тэд зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэсэн шийдвэрээ яагаад хэрэгжүүлэхгүй байгаа талаар Засгийн газрыг шахах ёстой. Жагсаал хийсэн ч яахав дээ. Уг нь маш чухал шийдвэр гаргасан. Сангийн сайд мөнгө байна. Харин төлөвлөсөн ажлаа хийхгүй байна гэж ярьж байсан. Нийгмийн даатгалын сул чөлөөтэй мөнгө байна. Энэ мөнгөнөөс олгож эхлэх хэрэгтэй байна. Зургаан хувийн хүүтэй зээл гэдэг ард түмэнд маш хэрэгтэй зээл. Орон сууцанд олгосон байхад алдахгүй мөнгө. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл хэзээ ч алдагдалд оруулдаггүй. Ард түмэндээ хурдан өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд хэвлэлийхэн ард түмнээ уриалах ёстой.
-Одоо яг хэрэгжүүлэхэд хаана гацаад байна вэ? 
-УИХ дээр гацаад байна. Өөрөөр хэлбэл хаагуур дамжуулах вэ гэдэгт гацчихсан. Дамждаг газар нь тодорхой  байна. 4000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай ОССК . Ийм байгууллага байсаар атал банкаар дамжуулна гээд нэг хэсэг нь зүтгээд байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл МИК-ээр, банкаар, ОССК-аар дамжуулж олгоно гээд гурван тийш зүтгэчихсэн байна. Энэ бүгдийн цаана ард түмэн хохирч байна.
-Журам боловсруулж Засгийн газар УИХ-д өгсөн гэсэн тодруулна уу?
-Манайх хавар журам боловсруулж ажлын хэсэгт өгсөн. Одоо болтол шийдэгдээгүй байна. Журамд заасан зүйлээс болохыг нь аваад болохгүйг нь орхиод түргэн шийдэх нь л чухал.
- Журамд ямар шаардлага хангасан хүн хамрагдах боломжтой гэж заасан бэ?
-Анх орон сууц авах гэж байгаа иргэд, бага дунд орлоготой өрх хамрагдана. Насаараа төрд ажиллаад байр авч чадаагүй хүн байдаг. Тийм хүмүүсийг судалж хамруулах талаар нарийн тусгасан. Мөн талбайн хэмжээг 56 мкв-аас дээшгүй гэж зааж өгсөн. Энэхүү шаардлагыг хангасан хүн хамрагдах журамтай байгаа. Дунджаар 700-800 мянган төгрөгийн орлоготой байх шаардлагатай.
-Зах зээлд 56 мкв-аас дээшгүй байр байна уу?
-Одоогоор байр ховор байна. Гэхдээ хөдөөд бол байна. Барилгын компани хурдан барьдаг болсон байна. Урьд нь тансаг хэрэглээний гурваас дээш дөрөв таван өрөөтэй байр барьдаг байсан. Одоо зах зээлээ мэдэрч байгаа байх л даа. Хэрэгжиж эхлэнгүүт асуудалгүй байх гэж бодож байна.
-Хуучин байрнаас зээлээр авах боломжийн талаар журамд тусгасан уу?
-Энэ тухайд тусгаагүй. Байрны үнэ хөөргөдөхөөс болгоомжилсон. Гэхдээ хувилбар байгаа. Хэрхэн шийдэхийг хэлж мэдэхгүй байна. Засгийн газрын тогтоол гарахгүй удаж байна.
-Яагаад хурдан шийдчихэж болдоггүй юм бэ?
-УИХ-ын гишүүд тансаг хэрэглээнд умбаж байна. Гэтэл  ард түмэн нь байргүй. Ганц өрөө байранд орчих юмсан гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүс зөндөө байна. Энэ хүмүүст зургаан хувийн хүүтэй зээлээ хурдан өгөх хэрэгтэй. Хэрэв орон сууцны зээлд хамрагдчихвал тэд хувцсаа авч өмсөхгүй байж байгаад зээлнийхээ ард гарах тухай бодно. Үл хөдлөх хөрөнгөтэй болно гэдэг хүний хариуцлагыг дээшлүүлж, амьдралдаа идэвхтэй болно. Хийж буй ажлын бүтээмж дээшилдэг сайн талтай.
-ОССК-аар  дамжуулж олгосон тохиолдолд банкны эргэн төлөлтийн програмыг танайх хянах эрх байх уу. Үүнд зөрчилдөөн үүсч гацсан гэж салбарынхан ярьж байсан?
-Тийм зөрчил байхгүй. Банктай манайх тусгай программаар холбогдсон. 4000 айлын орон сууцны зээлд хамрагдсан 3700 гаруй хүний зээлийг өдөр бүр хянаж байдаг. Өнөөдөр гэхэд 12 хүн зээлээ төлөөгүй байна. Бусад нь хугацаандаа төлсөн байна. Төлөлт маш сайн байна гэсэн үг. Найман хувийн хүүтэй зээлд дээд тал нь сард 350 мянган төгрөг төлнө. 40 сая төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй авахад сард 160 мянган төгрөг төлнө. 
-ОССК-аар дамжуулбал ачаалал нь нэмэгдэнэ. Бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийнэ гэж байсан. Ийм шаардлага бий юу?
-Ачаалал нэмэгдэнэ. Гэхдээ манайх биржтэй. 135 мянган төрийн албан хаагчдыг бүгдийг орон сууц хөтөлбөрт хамруулна гэвэл цаашдаа ачаалал ихсэнэ. 20 жилийн дотор зээлээ төлөөд гарах хүн шинээр зээлд хамрагдах хүний тоо тэнцэх байх. Банк бол 20 жилдээ л төл гэсэн шаардлага тавьдаг. Тэгвэл манайх 20 жилийн зээлээ хоёрхон жилд төлсөн ч болно гэсэн гэрээ хийдгээрээ онцлогтой.
-Зургаан хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлэх бүх эрхийг ганцхан газар төвлөрүүлэх нь бусад өрсөлдөгчдийн боломжыг хаах юм биш үү?
-Орон сууц барих газар сонгох, зураг төсөл хийх, барилгаа барих, дэд бүтэц гээд бүх ажлыг манайх гүйцэтгэнэ гэж байхгүй . Барилгын салбарын бүх тоглогчид зэрэг оролцох боломж нээлттэй. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш