logo
С.Баярцогт хаашаа явав....

С.Баярцогт хаашаа явав....

2013/04/08
Бид хэдхэн хоногийн өмнө  УИХ-ын дэд дарга С.Баярцогтын Швейцарь дахь банкны нууц дансны тухай гадаад эх сурвалжтай мэдээллийг хүргэж байсан билээ. Тус мэдээллийг олон нийтэд хүргэсэн Олон улсын сэтгүүлчдийн консорциум ICIJ (International Consortium of Investigative Journalists)  гээч байгууллага  дөрөвдүгээр сарын эхээр ICIJ нэрээ нууцалсан эх сурвалжаас 2,5 сая нууц файл олж авсан. Тэнд дэлхийн 170 орны 130 мянган хүн ба 120 мянган офшорын компаниудын мэдээлэл иржээ. Түүний дотор УИХ-ын эрхэм дэд даргын материал зүгээр ороогүй нь лавтай.  Тус байгууллага мэдээллүүдийнхээ эхнийхийг энэ сарын эхээр олон нийтэд зарлахад манай УИХ-ын дэд дарга С.Баярцогтын нэр дотор нь  "давхиж явсан"  бөгөөд дөрөвдүгээр сарын дундуур болон сүүлчээр мэдээллээ үргэлжлүүлэн олон нийтэд ил болгох юм байна. 

Энэхүү мэдээллийг анх Олон улсын сэтгүүлчдийн консорциум ICIJ (International Consortium of Investigative Journalists) сайтдаа тавьсан бөгөөд ICIJ дэх мэдээллээс авах хүсэлтээ Герман, Грек, Өмнөд Солонгос, Канад, АНУ-ын төрийн байгууллагууд ирүүлсэн ч тус байгууллага тэдэнд татгалзсан хариу өгчээ. “Дэлхийн орнуудын офшорын данстай хүмүүсийн талаарх мэдээлэлээ төрийн бүтцүүдтэй худаалцахгүй, ICIJ нь Засгийн газрын туршуул, хууль хяналтын байгууллагын салбар биш. Бид бие даасан байгууллага” хэмээн тус байгууллагын тэргүүн Ж.Райл мэдэгдсэн байна. Дараагийн ээлжинд цацагдах мэдээлэд  монголын бусад улстөрчдийн нэр цохиж явахад нэг их гайхаад байхааргүй болох нь ээ.

Гэтэл хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан, УИХ-ын гишүүний тангаргаа зөрчсөн, Сонгуульд нэр дэвшихдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээгдээд байгаа УИХ-ын дэд дарга С.Баярцогт өчигдөр буюу ням гарагын өглөө Чингис хаан нисэх онгоцны буудлын VIP заалаар үйлчлүүлэн, онгоцны Business class  үйлчилгээгээр Москва-Берлины чиглэлийн онгоцоор нисчээ. Хэл ам дагуулсан дансныхаа асуудлаар уу, эсвэл өөрийг нь хэрэгт хутгасан Олон улсын сэтгүүлчдийн консорциумын асуудлаар уу гэдэг нь тодорхойгүйгээр үлдэж, эрхэм гишүүн ямартаа ч монголын хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас мултарч орхисон юм биш байгаа гэсэн нэгэн далд сэжиг дагуулсан таамаг болон  үлдлээ.

Энэхүү асуудлыг шалгах, зөв бурууг нь тогтоох үүрэгтэй монгол төрийн "Төмөр нударга" энэ удаа их л удаан хөдлөөд байгаа бололтой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш