Оюутан ахуй цагтаа "Хонхны нулимс" дууг дуулж, нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн дуучин бол МУГЖ Ч.Бат-Эрдэнэ. Төгсөлтийн баярын тухай олон сайхан дуу байдаг ч жил жилийн хавар "Хонхны нулимс" л эгшиглэж, оюутнуудын сэтгэлийг хөгөлдөг билээ.
Өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэ сүүлийн жилүүдэд Ирланд улсад урлагийн менежментийн чиглэлээр суралцаж, үзэгч фенүүдээ гонсойлгох болсон.
Тэгвэл түүнийг сонсдог, нийтийн дуунд дуртай монголчууддаа хүргэх таатай мэдээ бидэнд байна. Тэрбээр "Монголын тухай" нэртэй өөрийн бие даасан шилдэг тоглолтоо энэ сарын 17, 18-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ.
Жилдээ хоёрхон удаа эх орондоо ирдэг тэрбээр өнгөрсөн намар СТА, дуучин Д.Намсрайноровын тоглолтыг амжилттай зохион байгуулаад буцсан.
Харин энэ удаа өөрийнхөө шилдэг тоглолтыг ард түмэндээ хүргэхээр ирсэн нь энэ аж. Түүний тоглолтонд МУГЖ Г.Эрдэнэбат, С.Эрдэнэцэцэг, СТА Д.Намсрайноров, П.Идэржавхлан, Хөсөгтөн хамтлаг, УАДБЭЧ-ын бүжигчид, эсртад симфони хөгжимчид оролцохоор бэлтгэл хангагдаад байгаа гэсэн. Мэдээж удтал хүлээлгэсэн гавъяатын тоглолт сюрпирзээр дүүрэн, халуун алга ташилтан дунд болох биз ээ.
www.mnews.mn