logo
Балаг ихтэй Н.Алтанхуяг, буруудаад байгаа С.Баярцогтын аль нэгээр “туг тахина”

Балаг ихтэй Н.Алтанхуяг, буруудаад байгаа С.Баярцогтын аль нэгээр “туг тахина”

2013/04/09
Энэ төр улсад ер нь юу л болоод байна даа. Ардын нам гэж байхад л айхтар айхтар юм яриад болохоосоо болохгүй нь дэндлээ гээд л байсан цаг саяхан. Тэгээд ард түмэн Ардын намыг Ардчилсан намаар уухайлан сольчихсон, тэгээд одоо хар л даа. Арай л биш байна аа. Ерөнхий сайд нь болох болохгүй үг амнаасаа унгана чиг, болж бүтэхгүй үйлдэл хийнэ чиг. Хамгийн сүүлд түүнд хаягласан захиа л гэхэд эзэндээ очихоосоо хоёр хоногийн өмнө хэвлэлээр цацагдсан байх. Хоёр хөршийнхөө Ерөнхийлөгчийг уулзаад юу ярьсан талаар мэдэх нь битгий хэл бодохыг ч хүсдэггүйгээ илэрхийлэх. Бүтэхгүй болохгүй нь ихдээд эхлэнгүүт Бурхан халдуныг бөөнөөрөө зорьсон ч бурхан ч тоосонгүй, халдун ч хүлээж авсангүй. Дайран дээр нь давс нэмээд С.Баярцогтын үл мэдэгдэх компанийн хэрэг явдал гарчихлаа. Швейцарийн банкинд байгаа мөнгөө хүртэл мань эр нууж хаасан ч нэг их нэмэр болсонгүй. Тэр битгий хэл С.Баярцогтын байгуулсан, нууц данстай компанийнх нь нэр хаяг Хятад Улсын  Монгол аймгийн Улаанбаатар хот/Ulaanbaatar, Mongolia, China/ гэж ойлгогдохоор байсан нь бүр ч дотор хирдхийлгээд авсан. Мордохын хазгай гэгчээр энэ мэтээр Ардчилсан намын ахан дүүст ахиц дэвшилтэй зүйл тун бага байна. Арайхийж олж авсан олонхийн байр суурь, Ардчиллын нэр хүндийг ингэж бүтэлгүй нөхдүүдийн балгаар үгүй хийчихвэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх том хар нүх болж таарна. Энэ нүхээр Элбэгээ битгий хэл энэ удаагийн Засгийн газар ч элбэг уначихаж мэднэ. Тиймээс Ардчилсан намынхан түргэн аваад байгаа сурагтай. Тэдний хийх нүүдэл нь хэн нэгнээрээ туг тахиж, Ардчилсан намын нэр хүндийг аварч үлдэх гэнэ. Энэ удаад балаг ихтэй байгаа Н.Алтанхуяг, эсвэл буруудаад байгаа С.Баярцогт хоёрын аль нэг нь тахилгын тавцан руу түлхэгдэх бололтой юм. Ингэхээр нь ард түмэн буруудаад байгаа нөхдүүд рүү анхаарлаа хандуулж, Ардчилсан намынхан арай өөр хүмүүс гэж бодох юм гэнэ л дээ. Угаасаа намын эрх ашгийн төлөө нэг хоёрыг “цааш харуулах” нь ардчиллынханд юу ч биш. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй учраас намынхаа нэр хүнд, Ерөнхийлөгчийн суудлын золиосонд тэд ч үг дуугүй явах нь бараг тодорхой болсон гэнэ. Чухам хэн нь бэ гэдэг л хариултгүй асуулт болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш