logo
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа

2013/04/10
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр  /2013.04.09/ хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  чухалчлан авч үзэв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хэзээнээс эхэлж буурав. Буурч эхлэхэд ямар шалтгаан нөлөөлсөн тухай  Засгийн газрын тэргүүний мэдээллийг “ сонслоо.

Монголын эдийн засгийн өсөлтийг бууруулахад гол нөлөө үзүүлсэн хууль бол өнгөрсөн онд УИХ-аас баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль байсан. Уг хуульд 100 тэрбум төгрөгөөс дээш  гэсэн заалт оруулснаас улбаалж улмаар гадаадын хөрөнгө оруулалт маш эрчимтэй татагдаж эхэлсэн гэх судалгаа гарсан байна. Уг хуулийг гарсны дараагаас Эдийн засгийн тооцооллоор гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 800 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Тиймээс Засгийн газрын оруулж ирсэн  уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  дэмжих нь зүйтэй хэмээн бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэлээ.

Үүнээс гадна  эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлсөн хэд, хэдэн шалтгаан байгаа тухай  бүлэг авч хэлэлцэв.  Үүнд өмнөх Засгийн газар Тавантолгойн нүүрсийг борлуулахдаа “Чалько” компаниас 350 сая ам.долларыг урьдчилгаа хэлбэрээр авсан. Хөгжлийн банк 600 сая ам.долларыг 5.27 хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаатайгаар зээл босгосон. Зээлийн хүүнд зориулж өнгөрсөн жил 24 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж дарсан. Одоо мөн 20 гаруй тэрбум төгрөгийг төлж дуусгах ёстой. Түүнчлэн  “Эрдэнэт” үйлдвэр 170 сая ам.долларын зээлийг авсан. Оюутолгой ордыг ашиглах хүрээнд хөрөнгө оруулагчдаас 250 сая ам.долларын урьдчилгаа авсан. Энэ бүхэн нь нийлээд 1.4 тэрбум ам.долларт хүрсэн.  Гэтэл  уг мөнгийг  өмнөх  Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжид, иргэддээ бэлэн мөнгө тараахад зарцуулсан. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар гадаад зах зээлээс “Чингис” бонд-оор дамжуулж 1.5 тэрбум ам.долларыг босгоогүй бол өнөөдрийн Монголын эдийн засаг элгээрээ хэвтэх байжээ гэсэн дүгнэлтэд бүлгийн гишүүд хүрсэн юм.

2013 оны нөхцөл байдлыг авч үзэхэд эдийн засгийн гадаад чадамж 50 хувь буурсан хэдий ч цаашид 1.5 тэрбум ам.долларыг үр ашигтай зүйлд зарцуулж эдийн засгийн хямралыг давах ёстой гэсэн үүргийг бүлгийн гишүүд Засгийн газарт  өглөө. Мөн бүлгийн даргын зүгээс “Энэ Засгийн газар  тогтвортой ажиллах ёстой. Шинэчлэлийн Засгийн газрын өмнө өмнөх Засгийн газрын өрийг цайруулах, 2013 оны эдийн засгийн хүндрэлийг хэрхэн давж, улс орны эдийн засгийг элгээр нь мөлхүүлэхгүй  талаас нь ажиллах гээд  маш том хариуцлага байгааг ойлгох ёстой. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан асуудлаар энэ Засгийн газрыг огцруулна гэдэг асуудал байхгүй” хэмээн онцоллоо.

Мөн  Дэлхийн зах зээл дээр 1 тонн нүүрс 110 ам.долларын үнэтэй байхад яагаад Тавантолгойн нүүрсийг 70 ам.доллараар борлуулахаар гэрээ байгуулав. Тавантолгойн Зүүн цанхийн нүүрсийн 80 хувийг яагаад зөвхөн хятадуудад борлуулахаар Тавантолгойн гэрээ байгуулсан “Эрдэнэс тавантолгой”-н тэр үеийн захирал, ЭБЭХ-ний сайдад хариуцлага тооцох ёстой. Хариуцлага тооцсоны дараа   уг гэрээг цаашид хэрхэн сайжруулах талаар ажил хийгдэх ёстой хэмээн үзэв.

Харин бүлгээр яригдсан дараагийн нэг чухал асуудал бол Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 170 сая ам долларын өртэй. Үйлдвэрийн борлуулж байгаа зэс болгоны орлогын гуравны нэг нь 170 сая ам.долларын өрөнд суутгагдаж байгааг бүлгийн гишүүд өнөөдөр мэдэж авсан тухай асуудал байв.  “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг зэсийн үнийг дагаад өсөх болсон зэрэг асуудлуудын учрыг олох үүргийг бүлгийн зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгав.

Ерөнхий сайдын хувьд БНСУ-аас нефть  импортлох тухай асуудлыг хоёр гурван этгээд нийлж авлигын шинжтэй болгож саатуулсныг  эздийг тодорхойлж өгөх зайлшгүй шаардлага байгаа. ОХУ-аас ирүүлсэн төмөр замтай холбоотой албан захидал Ерөнхий сайдын гарт ирээгүй байхад сонинд нийтлэгдсэн явдлын учрыг Тагнуул, цагдаагийн байгууллага шалга ёстой хэмээн үзэв.

Эдгээр асуудлаас гадна бүлгийн хуралдаанаар  Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Маршалын албаны тухай, Мөрдөх албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүдийн талаар Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн танилцуулгыг сонсож, санал бодлоо солилцов.  Хууль сахиулагчдаа хүчинддэг байгууллага,  гэмт хэргийн тухай хуулийг эрүүдэн шүүх хууль хэмээн 1930-аад оноос эхлэн өнөөдрийг хүртэл дагаж ирснийгээ өөрчлөх ёстой хэмээн үзээд эдгээр хуулиудыг маш яаралтай УИХ-аар оруулж хэлэлцэх нь зүйтэй хэмээн байр сууриа нэгтгэв.

Мөн энэ өдрийн бүлгийн хуралдаанаар  “УИХ-ын 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын зардал батлах тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж СЕХ-ноос оруулж ирсэн тогтоолыг бүлгийн гишүүд дэмжлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш