logo
Ноолуур худалдан авах захиалга дийлэнх байв

Ноолуур худалдан авах захиалга дийлэнх байв

2013/04/10
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж өнгөрсөн баасан гарагт анхны туршилтын эхлүүлсэн билээ. Өнөөдрийн арилжаагаар авах захиалга дийлэнх байжээ. Тодруулбал, ноолуурын нийт 34 захиалга ирсэний 23 нь авах, 11 нь зарах захиалга байв. Уг саналуудын дүнд нийт 291 сая төгрөгийн 2 тонн 150 кг ноолуурын хэлцэл эхний байдлаар хийгдсэн байна.

Ийнхүү 291 сая төгрөгийн хэлцлээс биелэх арилжааг одоогийн байдлаар тодорхойлох боломжгүй бөгөөд ноолуур худалдах, худалдан авах талууд ХАА-н биржийн Клийринг, төлбөр тооцооны албаар дамжуулан дээрх хэлцлийг бодит болгох ажээ. Биржид 32 брокер бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулахаас 12 брокер өнөөдрийн байдлаар ажилласан байна.

Ийнхүү хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржийн арилжааг нийслэлээс брокерын ажилтнуудаар дамжуулан зүүн гурван аймгийг хамруулж хийж байгаа бөгөөд арилжааны түүхий эд нь эхний ээлжинд ноолуур юм.

Ноолуурыг биржийн аргаар худалдаж буй уг арилжаанд оролцохын тулд Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн зүүн талд байрлах “ХАА-н бирж ХХК” -ийн байранд биеэр очиж бүртгүүлж, арилжаанд оролцох брокерт хандах юм байна. Өөрөөр хэлбэл, иргэд танхимын аргаар явагдаж буй уг арилжаанд компанийн байранд очоод худалдаа хийх биш, бүртгүүлсэний дараа брокеруудаар дамжуулж алсын зайнаас арилжаанд оролцох ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш