logo
Таамаглалын шүүх-1

Таамаглалын шүүх-1

2013/04/10
Хувьсгалын дараа 1937 оноос эхтэй хар дарсан он жилүүд өнгөрсөн. Энэ үед дээрээс өгсөн даалгаврыг гүйцэтгэхээр (дээрээс шүү!!!) НАХ яамны ногоон малгайтнууд лам хуваргуудыг цуглуулж буудан хороохоор явж байлаа. Ингэхэд дээрээс өгсөн алах хүний тоо нь хоёроор дутаж, айхдаа хонио хариулж байсан хоёр номхон малчныг замдаа ачиж аваад хороох газраа хүргэн тоо ёсоор нь буудаж байсан түүх бий. Үүнийг их хэлмэгдүүлэлтийн он жилүүд гээд байгаа юм. Даргын талд, түүний гар хөл бологсдын амнаас гарсан хий бүхэн тухайн үед эрдэнэт хүнийг гэмгүй байсан ч буруутан болгох их хүч болж байлаа. Одоо цагт тухайн үеийг буруутган олон мянган энгийн номхон ардыг, эр цэргүүдийг нэхэн цагаатгаж нүгэлээ наминчилж, өршөөл гуйх ажил өрнөж байгаа. Ухаандаа, төр засгийн буруутай үйл ажиллагаа, түүнийг удирдагч ганц хүний гаргасан шийдвэр нийгэмд хэрхэн аймшигтай хар толбо үлдээдгийг монголчууд энэ биеэрээ туулаад ирсэн улс. Энх цаг тогтсон үед ч түүний үр дагавар байсаар байсныг бид мэднэ. Хэн дуртай нь дургүйгээ албан тушаалтанд түрүүлж матна түүний зөв болж хөөрхий бусад нь энх цагийн хэлмэгдүүлэлтэд өртсөөр л байсан үе, Социалист нийгэм.
Ашгүй ардчилалыг хөгжүүлэгч залуус энэ бүхнээс залхахдаа эрс шийнэчлэл хийж бугшсан төрийг буулгаж байсан бас нэгэн түүхтэй орон. Шударгаар өрсөлдөж ялсан нь засаг барьсаар хориод жилийг ардаа хийж. Сайн муугаа нуулгүй ярьж гэмтэйг нь шийтгэн гэмгүйг нь хэлэлцэн суллаж байсан шүүх засаглал шударга, бат сууриар ажиллаж байлаа. Хэдийгээр шүүх засаглал, түүний алба хаагч, Ерөнхий шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тушаалаар томилогдож, өөрчлөгддөг ч одоогоос өмнөх гурван Ерөнхийлөгчийн нүүр шударга байсан учраас тэд ажлаа жинхнээсээ хийдэг байв. Харамсалтай нь сүүлийн дөрвөн жилд шүүх, түүний шүүгчид нам эвсэл болон хуваагдаж, илтээр хөдөлмөрлөх эрхийг нь хаах болсон учраас хэн эзэн байж, хоол чулуудна түүнийг даган биелүүлж үүргээ умартах болсон гээд шууд, шударгаар хэлэхэд буруутах гарц байхгүй.  
Нэгэн зүйл. Үүнд хуулийн хэллэг, албаны зарчмыг оруулж нотолбол: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар ном, хуудас 70-д зааснаар “Гэмт үйлдэл” гэдгийг ямагт идвэхитэй хөдөлгөөнөөр ЗААВАЛ ИЛРЭХ гэмт зан үйл” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн үйлдэл нь заавал идвэхитэй  байж гарцаагүй илрэх ёстой. “ИЛРЭХ” гэдэг нь нотлох баримтаар нотлогдоно гэсэн үг.  Харин нотлох баримтаар нотлогдоогүй үйлдлийг “Гэмт хэрэг мөн” хэмээн таамаглаж огтхон ч болохгүйг Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуульд заачихаж. Тодруулбал “Шүүхийн шийдвэр нь таамаглалд үндэслэж болохгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тус хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гээд тодоос тодорхой тодотгосон. Гэхдээ энэ заалт өнөөдөр хүчинтөгөлдөр үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт энэ хууль үйлчилсэн үү үгүй юу гэдэг бас л сонирхолтой. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн онц их хэмжээний хохирол учруулсан л гээд байгаа. Гол нь хохирчихсон иргэн, аж, ахуй нэгж нь олдохгүй байгаа нь хачин. Тэр ч бүү хэл Нийслэлийн захирагч байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч асан Н.Болормаа нарыг Н.Энхбаяртай үгсэн нийлж улсаа бараг л дампууруулчихсан юм яриад, “ялтан” хэмээх цолыг харамгүй хайрлах болов.
Гэтэл өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд “шүүхээр иргэн хүнийг буруутай гэдэг нь эцэслэн нотлогдоогүй тохиолдолд “ялтан, буруутан хэмээн нэрийдэх нь хуулиар хориотой” гээд заачихсан байгаа. Захын хэн ч хэлнэ. Одоог хэр нь Ц.Батбаяр, Н.Болормаа нарыг шүүх хурал болоогүй. Харин тэднийг буруутан гээд байгаа хүмүүс нь хэн бэ.
Нэгэн зүйл. Одоо харин хохирол учруулсан тухайд: Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан байвал гэмт хэрэг нь ТӨГС БҮРДЭЛ болсонд тооцогддог. Хохирол хохиролдоо материаллаг хохирол. Гэмт хэрэг нь үйлдэгдсэн бол төгс бүрдэл баймааж сая гэмт хэрэгт тооцогдоно гэдэг зарчим нэн чухал билээ.
Эс тэгвээс бодитой хохирол учраагүй байхад үйлдлийн бус санаа бодлыг гэмт хэрэгт тооцож, хэн нэгнийг үзэл бодлынх нь төлөө гэм буруутай болгох, энэ нь мөн нотлох баримтанд тулгуурлаж биш, харин ТААМАГЛАЛААР, хүчээр ял тулгах зэргээр гэм зэмгүй хүмүүсийг хавтгайруулан яллах балмад ажиллагаа болж хувирна. Үнэхээр гэмт хэрэг мөн бол бодитой хохирол учирсан үйлдэл байх ёстой. Энэ тухай “МУ-ын Эрүүгийн хуулийн тайлбар” хэмээх номонд: “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулснаар бүрдэл төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг мөн” (хууд.617) гэжээ. Харин хохирол учраагүй бол төгс бус бүрдэл буюу хохироох үйлдэл болоогүй гэсэн үг. Төгс бус бүрдэлтэй бол гэмт хэрэг гэж тооцогдохгүй. Тэгвэл “гэмт хэрэг байхгүй бол ял байхгүй, ял байхгүй бол гэмт хэрэг байхгүй” гэсэн зарчим үйлчилнэ.
Бүр ойлгуулахын тулд энгийнээр хүүрнэвэл, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүхдээ ямар ч гарцаагүй байдалд хийх нотолгоо гаргаж үзүүлээгүй. Зүгээр л Н.Энхбаяр нь“албан тушаалын байдлаа буюу “нэр хүнд, нөлөө”-гөө ашиглаж, бараг зүгээр сууж байгаагаараа нөлөө үзүүлэн, бусдаар “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины талаар шийдвэр гаргуулсан гэж үзэв.
Тэгвэл нэгд, үйлдэл илрэх ёстой гэсэн зарчмын дагуу бусдаар шийдвэр гаргуулсныг тодорхой нотлох баримтаар шийдвэрлэх ёстой. Хоёрт, хэн нэгэн хүн бусдын гаргасан шийдвэрийн төлөө хариуцлага хүлээх ёсгүй бөгөөд Эрүүгийн хуульд бусдын гаргасан шийдвэрийн төлөө огт өөр хүнд хариуцлага хүлээлгэх тухай зүйл, заалт огтоос байдаггүй. Харин ч хүн зөвхөн өөрийнхөө үйлдлийн төлөө өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн хатуу зарчим суусан байдаг нь Эрүүгийн хуулийн 8.2-т бичжээ. Нэмэлт мэдээлэл өгөхөд “урвуулан ашиглах” гэдэг үг нь “Авлигын эсрэг хууль”-д ч “Тухайн албан тушаалтан албан тушаалын байдлаа биш, чухамхүү албаны эрх мэдлээ ашиглаж, шийдвэр гаргаж, тэр нь гэмт хэргийн шинжтэй бол хариуцлага хүлээнэ” хэмээн тайлбарлагдсан билээ.
Тэгэхээр гол асуудал. Монгол Улсын Шүүх, түүний шүүгчид Н.Энхбаярын хэрэг дээр хуульд заасан тайлбарын дагуу, зүйл заалтаа баримталж ажиллавал уу эсвэл ДЭЭРЭЭС ӨГСӨН даалгаварын дагуу гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэн “хороов уу”.
Түүнийг шүүх анхан шатны ажиллагаа нийтийн өмнө ил явагдсан. Энэ үед улсын прокуроорууд ч тэр, шүүгчид ч тэр хөдлөшгүй нотолгоо дэлгэж гарцаагүй нөхцлөөр баримтжуулсан материал гаргаагүйг бүгд мэднэ. Зүгээр л “Н.Энхбаяр нь бусадтай бүлэглэн улсад их хэмжээний хохирол учруулсан” гэдэг үгийг хэдэнтэй давтсан. Одоо ч түүнийг ялтан болгоод байгаа “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлыг ийм замаар, энэ хүнтэй хуувилдаад, ийм шийдвэр гарган хувьдаа завшсан гэдэг нотолгоог гаргаж дийлсэнгүй. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг эрхэм шүүгч, прокуроорууд маань таамаг дэвшүүлэн ярьсаар дээрээс өгсөн даалгавараа онц биелүүлэхийн тулд төлөвлөсөн ялаа оноосон.
Хэрэв өнөөдөр Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашиглаад, бусадтай бүлэглэн тушаал шийдвэр гаргасан нь үнэн бол “Улаанбаатар таймс” сонины байр ТВ-5 телевийзийн сэтгүүлч Д.Дагиймаагийн бүрэн мэдэлд, “Өргөө” зочид буудал Нийслэлийн өмчид харьяалагдаж байгаагийн учир юунд вэ.    

Үргэлжлэл бий
Х.Буян


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш