logo
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг дэмжлээ

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг дэмжлээ

2013/04/11

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2013.04.10/ хуралдаанаар гишүүд Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцлаа.

Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах найман хүний танилцуулгыг Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг танилцуулсан. Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдээс нууцаар санал хураажээ. Нийт 35 хүн шалгалт өгснөөс 24 нь тэнцэж, сонгон шалгаруулалтад орсон байна.

Ингээд Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32,2 дахь хэсэгт заасныг үндэслэн Мишигийн Батсуурь, Батаагийн Батцэрэн, Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Готовдоржийн Цагаанцоож, Баттогоогийн Цогт, Дашхүүгийн Цолмон, Хуушааны Эрдэнэсувд нарын найман хүнийг Улсын дээд шүүхийн шүүгчдээр томилуулах саналаа иинхүү УИХ-д танилцуулж байгаа аж. 

Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчдийг шинэ хуулийн дагуу оруулж ирж байна уу, хуучин хуулиар уу. Хэрвээ шинэ хуулийн дагуу бол бусад шүүгчдийг хэзээ томилох вэ” гэдгийг тодруулав. “Дээд шүүхийн найман шүүгч хуучин хуулийн дагуу орж ирсэн. УИХ-аар баталсан шинэ хууль энэ сарын 15-аас хэрэгжинэ. Тиймээс хуулийн дагуу бусад шүүгчдийг 2013 оны 11 дүгээр сарын 1-ний дотор сонгон шалгаруулж томилоно. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 36, ахмад нь 46 настай байгаа” хэмээн  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг хариулт өгсөн.

Харин шүүхийн хүний нөөцийн бодлогын талаар сонирхсон Ц.Оюунбаатар гишүүний асуултад тэрээр хариулахдаа, “Хүний нөөцийн бодлого бий ч бид хуулиндаа захирагдана. Хуульд заасан шалгуурыг давсан, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүн шүүгч болдог. Шүүгчдийн 60-70 хувь нь эмэгтэйчүүд бий. Тэтгэвэрт 60 насанд гарах хуультай. Шүүхийн шинэ хуулийн хүрээнд шүүгчдийн ажлын ачаалал зэргийг харгалзаж хүйс хамаарахгүйгээр шүүгч өөрөө хүсвэл 55 нас хүрээд, эсхүл 25 жил шүүгчээр ажилласан бол тэтгэвэрт гарах боломжтой болсон” хэмээв.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдэд хандан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Ганбат нар хүний эрхийг дээдэлж, хүнийг хилсээр шийтгэхгүй байхыг захиж байлаа. Мөн уламжлал, шинэчлэлийг хослуулж, улс төрчдөд, мөнгөтэй бүлэг хүмүүст үйлчлэхгүй чигч байж,  шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахад санаачлагатай ажиллахын чухлыг онцлов.

 

Л.Жаргалмаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш