logo
УИХ-ын дарга нүүрснээс шингэн түлш боловсруулах үйлдвэртэй танилцлаа

УИХ-ын дарга нүүрснээс шингэн түлш боловсруулах үйлдвэртэй танилцлаа

2013/04/11
БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны даргын урилгаар “Азийн төлөөх Боаогийн чуулга” уулзалтад оролцсон УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид өчигдөр Ордост мужид зочилж “Шэньхуа” корпорацын нүүрснээс шингэн түлш боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахын тулд нүүрсээ түшиглэн эко эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгох нь хамгийн зөв гарц гэж үзсэн парламентын тэргүүн ийнхүү гадаад дахь айлчлалынхаа хүрээнд нүүрснээс шингэн түлш боловсруулах хоёр дахь үйлдвэрийг сонирхож байгаа юм. Тэрбээр өнгөрсөн сард АНУ-д хийсэн айлчлалаараа дэлхийд тэргүүлэгч “Дакота газ” компанийн үйл ажиллагаатай танилцсан билээ.

   “Дакота газ нь нүүрсээ эхлээд хий болгодог буюу шууд бус технологитой бол “Шэньхуа” корпорацын энэ үйлдвэр нь нүүрсээ эхлээд шингэн болгодог шууд технологитой юм байна. Үйлдвэрлэлээ 2009 оноос эхлүүлсэн тус үйлдвэр ашиглалтад орсон эхний жилдээ 1400, 2010 онд 5100, 2011 онд 6700 цаг ажиллаж 790 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг тэрбум юанийн ашигтай ажиллажээ.

    Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 70 хувь нь дизель, 20 хувь нь бензин, 10 хувь нь шингэрүүлсэн хий байдаг аж. Энэ үйлдвэрийн технологийг Хятадын эрдэмтэд 1980 оноос эхлэн судалсан бөгөөд патентыг нь “Шэньхуа” групп эзэмшдэг юм байна.

  Технологийн хувьд 1 тн шингэрүүлсэн тос гаргаж авахад 3,5 тн нүүрс, 7,5 тн ус хэрэглэдэг байна. Шаардлагатай нүүрсийг үйлдвэрийн дэргэдэх хүрэн нүүрсний далд уурхайгаас 1тн-ыг нь 320 юаниар /2012 оны ханш/ худалдан авч угааж, нунтаглан хэрэглэдэг бол усыг 100 км гүний цооногоос сувгаар татдаг аж.

  Үйлдвэрлэлд нүүрснээс гадна хурдасгуур хэлбэрээр устөрөгч, цайр, газрын тосны хүнд элементийг хэрэглэдэг байна. Үйлдвэрлэлийн эхний ээлжинд нүүрсийг нунтаглаж, үйлдвэрээс гаргасан газрын тосны хүнд элементтэй хольж зуурмаг болгоод өндөр даралтын халуун зууханд хийдэг. Өндөр даралттай зуурмагийг 450 градусын халуун нэрэх тогоонд оруулж даралтыг улам нэмэгдүүлдэг байна. Эдгээр нэрэх зуухуудад нүүрс тосны зуурмагийг оруулж хий, дизель, бензин болон бусад бүтээгдэхүүн болгож ялгаруулдаг аж. Нэг тонн дизель түлшний өөрийн өртөг дунджаар 4100 юань болдог. Олон улсын зах зээл дээр нэг баррель газрын тос 67 ам.доллароос дээш тохиолдолд тус үйлдвэр ашигтай ажилладаг байна. Үйлдвэрлэлээс гарсан бохирдол усаа цэвэршүүлж дахин ашигладаг гээд хаягдал огт гардаггүй гэж тус компанийн удирдлагууд ярилаа.

   Үйлдвэрийн бүс нутагт усны нөөц хомс учир 100 км-ийн зайнаас тусгай хоолойгоор усаа татдаг. Үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаанд 1200 ажилтан, эрдэмтэн судлаачдыг оролцуулаад нийт 1700 хүн ажилладаг. Цаашид Шинжаан Уйгар болон ОХУ-ын Алс Дорнодод ийм үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

    УИХ-ын дарга З.Энхболд нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Кан Баши дүүргийн хот төлөвлөлттэй танилцлаа. Одоогоор 70 гаруй мянган хүн амтай энэ дүүрэг 2020 онд 200-гаад мянган оршин суугчтай болно хэмээн төлөвлөж, хот төлөвлөлтөө хийжээ. Уул уурхайн салбар хөгжсөн энэ дүүргийн бүс нутгийн газрын тогтоц нь манай Монголын говийн нутгуудтай ижил элсэрсэг хэдий ч цэцэрлэгжүүлэлт сайн юм байна. Энэ нь 10 тонн нүүрс олборлоход нэг ширхэг мод тарих ёстой гэсэн төрийн бодлоготой нь холбоотой гэж дүүргийн удирдлагууд ярьж байлаа. Хотын шинэ төлөвлөлтөөр уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын ажилчдын хотхон, олон улсын автомашины уралдаан зохион байгуулах талбай гээд их бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр төлөвлөжээ.

   Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболд олон улсын чуулга уулзалтад оролцох хүрээнд төлөвлөсөн өндөр хэмжээний уулзалтууд болоод үйлдвэрлэл, хот төлөвлөлтэй танилцах хөтөлбөр амжилттай болж өндөрлөлөө. Тэрбээр өнөөдөр эх орондоо ирнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш