Чуулганы өнөөдрийн /2013-04-11/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай /шинэчилсэн найруулга/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар танилцуулсан.
Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилтыг хангахад үндэсний хөрөнгийн зах зээл, түүний дэд бүтцийг олон улсын түвшинд хүргэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдод тавигдах шаардлагыг өндөрсгөх, анхан шатны үйлчилгээний горим, зохион байгуулалтыг сайжруулах, үнэт цаас гаргагч, үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг цогцоор нь хамгаалсан, үнэт цаасны зах зээлийн тогтвортой байдлыг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тавигдаж байгаа талаар танилцуулгад дурдлаа.
Мөн уг хуулийн төсөл батлагдсанаар хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг олон улсын нийтлэг стандартад нийцүүлэх, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, үнэт цаасны зах зээлд оролцогчдод тавигдах шаардлага, төрийн зохицуулалт, хяналт шалгалтын хэлбэр, төрөл, улсын байцаагчийн эрх, хэмжээг шинэчлэн тогтоох замаар үнэт цаасны зах зээл дэх сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн эрсдлийг бууруулах, хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хямд эх үүсвэр татах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Хувьцаа худалдан авагчид хэнд, юунд итгэж үнэт цаасыг худалдаж авах юм бэ. Үнэт цаас гаргагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж гарах хариуцлагыг өөрөө хүлээхээр хуулийн төсөлд заажээ. Харин төр хариуцах асуудлыг энд огт дурдсангүй. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн буруутайгаас үүдэн гарах хариуцлагыг мөн тодорхой заасан заалт алга. Түүнчлэн үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны үйл ажиллагаатай бирж хэрхэн уялдаж ажиллах болон үнэт цаас худалдан авагч хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалсан ТББ, төлөөллийн байгууллагуудыг бэхжүүлэх талаар ч хуулийн төсөлд тусгасангүй “ гэсэн шүүмжлэлийг хэлж байсан юм.
Ингээд Байнгын хорооноос хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад уг саналыг гишүүдийн 77,2 хувь дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы хуралдаан завсарлав.
Б.Янжинлхам