Эмхэтгэлийн шинэ дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тува хүмүүсийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор батлагдсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтлэв.
Зарлиг ёсоор цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэл насны цаатан хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох, цаатан иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах эрх зүйн орчин бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.
Мөн цаатан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жил тутам 2-оос доошгүй удаа үнэ төлбөргүй хамруулж байх, цаатан иргэдэд үйлчилж буй хүн эмнэлгийн болон мал эмнэлгийн эмч нарт сар бүр үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгож, багийн эмчийг унаажуулж, унааг 2 жил тутам шинэчлэх, эмч, эмнэлгийн ажилчдын орон тоог нэмэгдүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор давтан сургалтыг зохион байгуулах арга хэмжээ авахыг зарлигдсан байна.
Үүнээс гадна цаатан иргэдийн тооллогыг жил бүрийн 11 сард багтаан зохион байгуулах, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрт “ Тува хэлний хөтөлбөр”-ийг тусган, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тус сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, цаатан иргэдийн их, дээд сургуульд суралцаж буй хүүхдийн сургалтын төлбөрийг жил бүрийн 9 дүгээр сарын дотор нэрийн дансанд нь шилжүүлэх, орон нутгийн захиалгаар цаатан иргэдийг сургалтанд хамруулах тохиолдолд сургалтын зардлыг төрөөс бүрэн хариуцах асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журмыг батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Ийнхүү түр журмаар ямар харилцааг зохицуулах гэж байгаа болон экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг хэрхэн тогтоох, экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах, журмыг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг журамласан байна.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци