logo
Л.Эрдэнэчимэг

Л.Эрдэнэчимэг "1992 оны БНМАУ-ын Засгийн газрын тогтоолоор тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдийн асуудлаар" ХАХНХЯ-д хандлаа

2013/04/12
БНМАУ-ын Засгийн газрын 1992 оны тогтоолоор 4 хүүхэд төрүүлсэн 20 жилээс дээш жил ажилласан эхчүүдийг тэтгэвэрт гаргасан ба 38-45 насны ид ажиллах үедээ албан шахалтаар тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдийн асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яаманд албан бичиг хүргүүллээ.

Дээрх тогтоолоор тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд өнөөдөр ажилласан жил хүрэхгүйгээс хамгийн бага буюу 80000-120000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа бөгөөд 60-65 насныхан байна.

2012 оны 9-р сарын 4-ны өдөр батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулиар өөрөөс үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэний ажилласан жилийг нөхөн тооцох болсон. Уг хуулийн 4-р зүйлийн 4.1.3-т өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэж хуулийн үйлчлэх хүрээн заасан байна.

1992 оны Засгийн газрын тогтоолоор дээрх насны эмэгтэйчүүд нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан гэж бид үзэж байна.

Иймд энэхүү тогтоолд хамрагдан албан шахалтаар тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдийн ажилласан жилийг нөхөн тооцох нь зүйтэй гэж үзэж байгаа тул энэ асуудлыг судлан шийдвэрлэх гарцыг олно уу хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад албан тоот хүргүүлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш