logo
Ундны усны асуудлыг бүх нийтийн анхаарлын төвд оруулна

Ундны усны асуудлыг бүх нийтийн анхаарлын төвд оруулна

2013/04/12

Хот суурин газрын  хүн амын унд, ахуйн ус хангамжийн усны чанар, аюулгүй байдалд хийсэн шалгалтын дүнгийн талаар өнөөдөр Мэргэжлийн, хяналтын ерөнхий газрааас мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээлллийг сонсохоор Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон холбогдох яам, газруудын ажил хариуцсан хүмүүс оролцсон юм. Энэхүү шалгалтад аймаг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн худаг, насосны болон дамжуулах станц гээд нийт 2347 дээжинд хими нян судлал, хүнд металлын  шинжилгээ  хийлгэж үнэлэлт өгчээ. Аймаг нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн  усны 602 сорьцонд  хийсэн шинжилгээний дүнгээр нянгийн тоо 60 сорьц буюу 10,1 хувь, сумдын усны 471 сорьцонд 19,6 хувьд нянгийн тоо зөвшөөрөгдөх  хэмжээнээс  тус тус их гарсан  байна.  Мөн Туул голын  усны эрүүл ахуйн үнэлгээ нь Сонгинын гүүр орчмын усанд эрс багасч дөрөвдүгээр зэргийн бохирдолтой ангилалд хамаарч байна гэсэн мэдээллийг МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Баясгалан өглөө.   

 
Шадар сайд  шалгалтын дүнг  сонсоод “ Говь, тал хээрийн  бүсийн 35 сумын ундны ус хатуулаг ихтэй байгаагаас эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, бохирдолтой байгаа гэсэн дүнг Та бүхэн шалгалтаас тогтоосон байна.Туул голын бохирдол хирээс хэтэрч төвийн аймгийн зарим сумдын хүн,  малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрээд байна. Энэ асуудал шинээр  одоо яригдаж байгаа зүйл биш. Өмнө нь яригдаж л байсан. Харамсалтай нь ажил хариуцсан хүмүүсийн анхаарлаас байнга гадуур явсаар иржээ. Одоо үүнийг түүх болгон үлдээх цаг нэгэнт болсон. Энэ олон жилийн хугацаанд усны чанар муугаас  болж хичнээн  хүн хорвоог орхисныг судалж  тогтоосон мэдээлэл ч алга”  гэлээ. 

Тэрээр энэ асуудлыг ажил хариуцсан хүмүүсийн анхаарлын төвд оруулж  асуудлыг шийдвэрлэх нь бидний үүрэг. Тийм учраас  бүх нийтийг хамарсан ундны усны талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, ажлын хэсгийг ойрын хугацаанд томилж, асуудлыг яаралтай боловсруулж танилцуулга бэлтгэн Засгийн газарт оруулахыг Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш