logo
Улаанбаатар анх удаа гадаадын 1000 зочин хүлээн авна

Улаанбаатар анх удаа гадаадын 1000 зочин хүлээн авна

2013/04/12
Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулаа.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII  бага хурал 4 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү хуралд оролцохоор дэлхийн 135 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч нийслэл Улаанбаатарт ирэх юм. Үүнээс гадна 10 гаруй орны манлайлагч улстөрчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүндэт зочноор уриад байна. Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр энэ үеэр нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтаар зорчих Бүгд Найрамдах Нигер улсын Ерөнхийлөгч, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч зэрэг 8 орны төр, засгийн тэргүүн хүрэлцэн ирэх юм.  Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII  бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооноос зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, хэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн томоохон зохицуулалт хийх тухай зөвлөмж, саналыг нийслэлийн удирдлагуудад ирүүлжээ.

Тухайлбал 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох, “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг худалдаа үйлчилгээний томоохон захуудын үйл ажиллагааг түр зогсоох, Энхтайвны өргөн чөлөө, баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар гэх мэт хотын төвийн замуудад зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн үйлчилгээний том оворын автобус, троллейбус тусгай дуут гэрлэн дохиогоор тоноглогдсон,  хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд бусад замуудад тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах гэх мэт зохицуулалт хийхийг санал болгосон байна.
Дэлхийн хэмжээний томоохон бага хурлыг эх орондоо зохион байгуулж, олон орны өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид манай улсад айлчлах энэ үеэр  хурлын зохион байгуулалт, зочдын аюулгүй байдал зэрэгт онцгой анхаарал хандуулах нь  чухал гэдгийг Удирдлагын зөвлөлийн гишүүд онцоллоо.  Нийслэлийн замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа С.Отгонбаатар “Улаанбаатар хот өмнө нь дээд тал нь 400 орчим зочин нэгэн зэрэг хүлээн авч байсан. Ер нь  нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай 4 зочин ирэхэд л замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс ийм зохицуулалт хийсэн нь иргэдэд төдийгүй айлчилж байгаа зочдын аюулгүй байдлыг хангаж байгаа явдал юм.  Төрийн тусгай хамгаалалтын хуулиар нэгдүгээр зэрэглэлийн зочдын цуваа явж байх үед замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг мөн хориглодог” гэлээ.

Нийслэлийн удирдлагууд асуудлыг олон талаас нь хэлэлцээд замын хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор хязгаарлаж байгаа үед нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.  Ажил амьдралаа залгуулж байгаа иргэдээ хохироохгүйн тулд ажлын нэг өдөр буюу 29-ний Даваа гарагт троллейбусаар үнэгүй явуулах гэх мэт зохицуулалт хийх шаардлага гарч байна. Тиймээс энэ асуудлыг судалж, шийдвэрлэх боломжтой эсэхийг нягтлахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Удирдлагын зөвлөлийн гишүүд,  үндэсний хорооноос ирүүлсэн зөвлөмж болон удирдлагын зөвлөлийн гишүүдийн гаргасан саналуудыг нэгтгэн дахин боловсруулсны дараа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хурлын үеэр хэрэгжүүлэх замын хөдөлгөөний зохицуулалтыг эцэслэн шийдвэрлэхээр тогтлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш