logo
Хар шороо олборлон ашигласны төлбөрийг тогтооно

Хар шороо олборлон ашигласны төлбөрийг тогтооно

2013/04/12
Хот тохижилт цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар хар шороон хөрсийг ашиглах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Аливаа байгалийн нөөц баялгийг ашигласны төлбөр, хураамжийн хэмжээг орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуульд заасан хязгаарт багтаан тогтоож, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хэрэгцээг хангадаг. Харин нийслэлийн хувьд 1998, 2005 онуудад гарсан тогтоолоор нийслэлд хар шороон хөрс ашигласны төлбөрийг авдаг байсан байна. Гэвч дээрх тогтоолууд нь Нийслэлийн ИТХ-ын 2011 оны тогтоолоор хүчингүй болжээ. Тиймээс нийслэд хот цэцэрлэгжүүлэх зориулалтаар хар шороо олборлон ашигласны төлбөрийг авах эрх зүйн боломжгүй болсон байна.
Хар шороо нь нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан, нөөцийн хэмжээг нь албан ёсоор тогтоогоогүй, зөвхөн хот цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар жил бүр 5000-8000 шоо метрийг олборлож ирсэн хөрсний үржил шимт ялзмаг бүхий давхарга юм байна. Анх 1198 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор хар шороо ашигласны төлбөрийг 400 төгрөгөөр тогтоож жил бүр хот цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар Нийслэлийн хот тохижилтын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Цэцэрлэгжилт” ХХК зэрэг мэргэжлийн эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжид төлбөртэйгээр олборлуулж иржээ.

Одгоогоор нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тахилт, Баруунтуруун, Зүүнтурууны амаас сүүлийн 20 гаруй жил хар шороог олборлож байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хар шорооны олборлолт хийсэн тохиолдолд газрын хөрсний нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч хар шороо нь маш удаан хугацаанд бүрэлдэн бий болдог онцлогтой  ажээ. 2012 онд хар шороог ашигласны төлбөр тооцож зөвшөөрөл олгох боломжгүй байсны улмаас хууль бусаар олборлож, газрыг нөхөн сэргээлт хийлгүй орхисон зөрчлүүд гарчээ.
Нийслэлийн Засаг даргын Үйлдвэр, экологийн асуудал хариуцсан Т.Бат-Эрдэнэ  хар шорооны зах зээлийн ханш байнга өссөөр ирсэн боловч хар шорооны нөөц бүхий газар багасаж байна. Тиймээс хар шороо ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөр тогтоох саналтай байгаагаа хэллээ. Цаашид хар шороог олборлох түр зөвшөөрөл олгож, байгалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, улмаар газрыг нөхөн сэргээлгэх эрх зүйн орчин үгүйлэгдэж байна гэдгийг тэрээр онцоллоо.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьж шийдвэрлүүлэхээр боллоо. Хэрвээ НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү саналыг дэмжвэл нэг шоо метр хар шороо ашигласны төлбөрийн хэмжээ 1000 төгрөг болох юм.

Угсармал орон сууцнуудыг дулаална

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотын угсармал орон сууцыг дулаалах төслийг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцанд нийслэлийн хүн амын 20 хувь нь амьдардаг байна. Угсармал орон сууцнууд олон жил ашиглагдаж, хуучирч муудсанаас дулааны алдагдал ихтэй болжээ. Дулааны алдагдал ихтэй учраас эрчим хүчний хэрэглээ мөн тэр хэрээр ихэсдэг. Тиймээс Улаанбаатар хотын эрчим хүчнийг хэмнэж, зохистой хэрэглээг бий болгохын тулд угсармал орон сууцыг дулаалах, техникийн шинэчлэл хийх шаардалагатай болжээ.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын 14 хороололд 5, 9, 12 давхар угсармал орон сууцны 1077 барилга байгаа юм байна. 14 хорооллын 45462 айлын угсармал орон сууцыг дулаалснаар нийтдээ 70,3 Гкал цаг буюу 31 хувиар дулаан хэмнэнэ гэж тооцсон байна.

Энэ хэмжээний дулааныг хэмнэснээр 3,4-р хорооллуудын хэмжээний орон сууцны хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Цаашилбал шинээр дахин төлөвлөлт хийж байгаа гэр хорооллуудад сүндэрлэх орон сууцны хорооллын дулааныг шийдвэрлэхэд энэхүү хэмнэлт маш чухал нөлөө үзүүлэх юм байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд Улаанбаатар хотын угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийн талаар  авах арга хэмжээний тухай төслийг НИТХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш