Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс ажилласан жил нь болоогүй ч олон хүүхэд төрүүлсэн гэх шалтгаанаар тэтгэвэрт гарсан эхчүүдийг дээрх хуулийн үйлчлэх хүрээнд хамруулж, тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж буйгаа өнөөдөр /2013.04.12/ сэтгүүлчдэд мэдээлэв. Мөн энэ асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хүсэлт гаргасан аж.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “1991 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Улсын Бага Хурлаас баталсан Тэтгэврийн хууль болон БНМАУ-ын Засгийн газрын тогтоолуудаар төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 15-аас доошгүй жил ажилласан 50 насанд хүрсэн буюу 20-оос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж зохицуулсан. Үүнийг 1993 оны нэмэлтээр 45 насанд хүрсэн бол гэж өөрчилсөн байдаг. Энэ нь олон эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу тодруулбал 35-45 насанд нь нөхөн үржихүйн үүргээр нь шалтаглан тэтгэвэрт албадан шахуу гаргасан” гэлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ, “Эдгээр эмэгтэйчүүдийг бүрэн тэтгэвэр авахад нь ажилласан жил хүрээгүй гэж шалтгаанаар хувь тэнцүүлсэн тэтгэвэр авахад хүргэн, системтэйгээр ялгаварлан гадуурхсан. Өнөөдөр эдгээр эхчүүд хамгийн бага буюу 80-120 мянган төгрөгний тэтгэвэр авч байгаа бөгөөд 60-65 насны эмэгтэйчүүд байна” гэв.
Статистик судалгаагаар ийм шалтгаанаар тэтгэвэрт гарсан 44 орчим мянган эмэгтэйчүүд байгаагаас өнөөдрийн байдлаар бүрэн тэтгэвэр авах боломжтой 1000 орчим ээж байгаа аж.
Л.Жаргалмаа