logo
Монгол Улсын Ерөнхийлөгч УДШ-ийн шүүгчдэд шударга ажиллаж, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхийг захив

Монгол Улсын Ерөнхийлөгч УДШ-ийн шүүгчдэд шударга ажиллаж, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхийг захив

2013/04/13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Батаагийн Батцэрэн, Баттогоогийн Цогт, Готовдоржийн Цагаанцоож, Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Дашхүүгийн Цолмон, Мишигийн Батсуурь, Хуушааны Эрдэнэсувд нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилов.Шүүхийн тухай багц хууль дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан түүнд нийцүүлж УДШ-д найман шүүгчийг шинээр нэмж томилж байгаа юм. Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж, нийт салбарын хэмжээнд цоо шинэ шатанд гарах үйл явц эхлэхийн босгон дээр УДШ-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг сэлбэсэн нь онцлог үйл явдал болов. 

Монгол Улсын Дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага бөгөөданхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй эрүү, иргэн, захиргааны хэргийг тухайн хэргийн оролцогчдын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хянаж, эцсийн шийдвэрийг гаргадагхяналтын шатны шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлдэг учиртай.

Өнөөдрий
г хүртэл УДШ нь шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж эрүү, иргэн, захиргааны хэргийн дагнасан танхимтай ажиллаж ирсэн байна. Гэвчбүрэлдэхүүн хүрэлцэхгүй зэрэг олон шалтгааны улмаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүгч эрүүгийн болон иргэний хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч иргэний болон захиргааны хэргийг, Иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч эрүүгийн болон захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцож иржээ. Ийм байсан нь шүүгчид тухайн хэрэг маргааны төрлөөр мэргэшин ажиллах боломжгүй байснаас гадна Дээд шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн иргэдэд сэтгэл хангамжийг тэр бүр бий болгож чадахгүй байсан учраас шинээр хэрэгжих Шүүхийн тухай багц хуулийн дагуу УДШ-ийн шүүгчийн орон тоог наймаар нэмж энэ сарын 15-наас Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шүүгчид дагнажмэргэшин ажиллахаар болж байна.

УИХ-аар шинээр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар УДШ-ийн шүүгч нь дээрх гурван танхимын аль нэгд харьяалагдах бөгөөд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцуулахыг хоригложээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдсон УДШ-ийн шүүгчдийг хүлээн авч уулзаж шүүгчийн үнэмлэхийг нь гардуулан өгөхдөө тэдэнд шударга ажиллаж, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхийг захив.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шүүхийн шинэчлэл бол Монгол Улсын төлөө хийж байгаа ажил. Шударга ёсыг бэхжүүлэх нь зовлонтой ажил биш. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь хуулиа ягштал хэрэгжүүлдэг болчихвол ямар ч хууль сайн хэрэгжээд явах ёстой. Үүнийг Шүүхийн тухай шинэ хуулиуд дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөгдөөд эхлэхээр харъя. УДШ-ийн гишүүн болно гэдэг бол хуульч хүний хамгийн дээд карьерын ажил. Аль ч улсад ингэж ойлгодог. Энэ удаа шүүхийн салбарт урьд нь ажиллаж байсан, багшилж байсан, хуульч байсан хүмүүс орж ирж байна. Цаашдаа УДШ-ийн гишүүн болохын тулд анхан шатнаасаа ажиллаж, УДШ-д ирэхээрээ нийгэмд хэм хэмжээ тогтоох хэмжээний том шийдвэр гаргадаг шүүгч болсонбайгаасай гэж боддог. Хууль ч цаашдаа тэгж сайжирна. Давсан хэрэг бүхэн УДШ дээр орж ирээд байх биш.
 
Хэргүүдийг хараад байхад зарим нэг мөнгө төгрөгтэй, танил талтай, нөгөө талаас асуудлаа мэддэг хүмүүсийн хэрэг бараг анхан шатны шүүхээр орохоос өмнө алга болдог. Зарим хэрэг явж явж Дээд шүүхийн төвшинд ирдэг. Үнэхээр ирэх ёстой хэргүүд ирдэг. Нөгөөтэйгүүр боломж муутай хүний хэрэг УДШ-д нэлээд ирээд байх шиг байдаг. Тэдгээрийг ялгаж салгаж, шүүгчид нэлээд бодлогын төвшинд мэргэшээд ажиллавал шүүхийн салбар сайн болно” гэдгийг анхаарууллаа. Мөн хэдэн жил шүүхийн салбарт ажилласнаас үл хамааран сурах орон зай үргэлж байдгийг сануулав.
 
Энэ үеэр шинээр томилогдсон шүүгчид өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээ. УДШ-ийн шүүгч Б.Батсуурь дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэх гэж байгаа Шүүхийн тухай багц хууль шүүхийн салбарыг бүрэн шинэчилж, шүүхийн байгууллага, шүүх эрх мэдлийн тогтолцоонд маш том шинэтгэл авчирна гэсэн итгэл үнэмшил нийт шүүгчдэд төрөөд байгааг хэллээ. Шүүгч Б.Батцэрэн “Нийгэмд шударга ёс тогтоох үйл хэрэгт шүүгчид манлайлж оролцох ёстой гэдгийг бүгд ухамсарлаж ойлгож байгаа. Шүүхийн нэр хүнд нэг хэсэголон нийтийн дунд унасан нь үнэн. Нийгэмд шударга ёс тогтоох үйлст нийт чиг үүргийн байгууллагууд нь хангалтгүй ажиллаж байсан. Иймд бид илүү сайн ажиллах ёстой. Эрх зүйн орчноо боловсронгуй болгох ёстой. Иргэдэд шударга ёсны үйлчилгээг элдэв чирэгдэлгүй үзүүлэх ёстой. Тэгж байж шүүхийн нэр хүнд дээшилнэ. Шүүхийн нэр хүнд дээшилснээр гарах үр дүн бол Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, хүний эрх баталгаатай хангагдах явдал юм. Ард иргэд шударга ёсны үйлчилгээг ойлгож мэдрэх нь хамгийн чухал. Шүүхийн шинэчлэл нь шүүхийн төлөө, хуульчдын төлөө хийж байгаа ажил төдий биш. Энэ бол иргэдэд амин чухал хэрэгцээтэй шударга ёсны үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн иргэдийн төлөө хийж байгаа төрийн бодлого, шинэчлэл гэж харж байгаа” гэлээ.
 
Д.Мөнхтуяа “Шүүхэд тогтолцооны шинэчлэлтээс гадна хувь хүмүүст тулгуурласан шинэчлэлт давхар явж байгаа гэж ойлгож байна. Шүүхийг гаднаас нь харахад нэр хүнд нь унасан харагддаг. Шүүгчид өөрсдөө эрдэмжсэн байх, шүүхийн шийдвэр зэрэг олон нийтэд ил харагддаг ажил нь дээд төвшинд байж чадахгүй байх тал бий. Шүүхийн шийдвэр бол хуулийн баримт бичиг. Үүнийг хуулийн дагуу дээд төвшинд гаргахад анхаарч, шүүхийн шийдвэрийг чанаржуулах, хэн ч түүнийг уншсан энэ хэргийг гарцаагүй ингэж шийдэхээс аргагүй гэж бодохуйц хэмжээнд гаргах ёстой. Ингэхийн тулд анхан шатны шүүхээс энэ бүхэн эхлэх учиртай. УДШ-ийн шүүгч нар эрдэмжсэн, судалдаг, уншдаг байх ёстой” гэж байлаа.
 
Ийнхүү ирэх даваа гаригаас Шүүхийн тухай багц хууль эхлэн хэрэгжиж УДШ, мэргэшиж, дагнан төрөлжсөн, өмнөхөөс өргөн бүрэлдэхүүнээр ажиллах гэж байна.
 
Шинээр томилогдсон шүүгчдийг танилцуулбал:
 
Мишигийн Батсуурь 1977 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй. Ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Б.Ариунсанаа “МАК” ХХК-д албаны дарга ажилтай.
 
1983-1993 онд Нийслэлийн 18 дугаар дунд сургууль, 1995-1999 онд "Шихихутуг" Хууль зүйн дээд сургууль, 2000-2002 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2005-2006 онд Удирдлагын академи тус тус төгссөн. Эрх зүйч, бизнесийн удирдлагын менежер, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
 
1999-2001 онд “Молор” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, 2003-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2009-2011 онд ХХБанкинд Хуулийн газрын захирал, 2011 оны гуравдугаар сараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан. Хуульч мэргэжлээр 14 жил, шүүгчээр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа. Шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй.
 
Батаагийн Батцэрэн1969 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 44 настай, эрэгтэй. Ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр Ц.Оюунчимэг Нийслэлийн газрын албанд архивын эрхлэгч ажилтай.
 
1976-1986 онд Нийслэлийн 21 дүгээр дунд сургууль, 1987-1993 онд ОХУ-ын Хими-технологийн академи, 1994-1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2009-2010 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, инженер, техникийн ухааны магистр зэрэгтэй.  
 
1996-2000 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2000-2006 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2011 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 2011 оноос Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажилласан. Хуульч мэргэжлээрээ 17 жил, шүүгчээр 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Шүүгчийн “Гутгаар түшээ” зэрэг дэвтэй.
 
Дамдины Ганзориг1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй. Ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр Н.Батчимэг хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
 
1984-1994 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
 
1999-2004 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004 оноос Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчээр ажилласан. Хуульч мэргэжлээр 14 жил, шүүгчээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа. Шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй.
 
Дашдоржийн Мөнхтуяа 1972 онд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй. Ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Нөхөр Г.Алтансүх Ашигт малтмалын газрын дарга ажилтай.
 
1980-1990 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 1992-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2009-2011 онд Австрали Улсын Мельбүрний Их сургууль тус тус төгссөн. Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
 
1997-2002 онд Тагнуулын Ерөнхий газрын дээд сургуульд Эрх зүйн тэнхимд багш, 2002-2005 онд АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажилтан, 2006-2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хуулийн бодлогын асуудал эрхэлсэн референт, 2012.04-2012.08 онд Дэлхийн банкны Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт хуулийн зөвлөх, 2012 оноос Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт хуулийн зөвлөх, 2012 оноос “Дашдорж консалтинг” ХХК-д хуульчаар ажиллаж байна. Мэргэжлээрээ 10 дахь жилдээ ажиллаж байна.
 
Дашхүүгийн Цолмон 1969 онд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй. Ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг.
 
1977-1987 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 1987-1992 онд МУИС, 1993 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль тус тус төгссөн. Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
 
1992 оноос Удирдлагын академид багш, ахлах багш, 1999-2003 онд Хуульчдыг давтан сургах төвд сургагч багш, 2003-2009 онд Хууль зүйн үндэсний төвийн Иргэний хууль тогтоомжийн секторт секторын эрхлэгч, 1995 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, гишүүн, 2003 оноос Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрт арбитрчаар ажилласан. Хуульч мэргэжлээрээ 21 жил ажиллаж байгаа.
 
Хуушааны Эрдэнэсувд 1967 онд Төв аймгийн Баян суманд төрсөн, 46 настай, эмэгтэй. Ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Нөхөр Д.Эрдэнэчулуун Сонгуулийн Ерөнхий хорооны орон тооны бус гишүүн.
 
1975-1985 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль, 1986-1991 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрийнзэрэг хамгаалсан. Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
 
1992-1994 онд Төвийн бүсийн хуралдааны танхимд хуулийн зөвлөх, 1994-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2000-2008 онд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2008 оноос Нийслэлийн шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Хуульч мэргэжлээр 21 жил, шүүгчээр 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Шүүгчийн “Гутгаар түшээ” зэрэг дэвтэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш